Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутагт металлургийн үйлдвэрлэл, цутгуур, ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр Дархан үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, ширэм, ган бэлдэц, барилгын арматур, булан төмөр, металл эдлэл, металл хийц, ХАА-н тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл зэргийг үйлдвэрлэнэ. ҮТП-ийн хүрээнд дагаж хөгжих үйлдвэрүүдийг бүтээн байгуулна.
Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдсан байдал
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.7.1-т “хар төмөрлөгийн /кокс, ширэм, шууд ангижруулсан төмөр/ үйлдвэрлэлийг Дархан-Уул, …аймагт хөгжүүлнэ.” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтын 14-т “Гангийн үйлдвэр байгуулах төсөл” гэж тусгасан.
Дэд бүтэц, ажиллах хүчний нөөц
Засгийн газрын 2023 оны 145 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутаг дэвсгэрийн нийт 77.7 га талбайг Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан.
Төмөртэйн ордыг иж бүрэн буюу бага агуулгатай төмрийн хүдрийн нөөцийг бүрэн ашиглах, барилгын ган хийцийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор гангийн үйлдвэрийн цогцолборыг байгуулж эхний ээлжид 1.0 сая тн ган бэлдэц, 200.0 мян.тн ширэм үйлдвэрлэнэ.
Тус байршилд авто зам, төмөр замын сүлжээ сайн хөгжсөн, ус, дулааны хангамж хүрэлцээтэй, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ажиллах хүчний хувьд Дархан-Уул аймагт нийт 104.6 мянган иргэн амьдардаг ба шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боломжтой ШУТИС-ийн Технологийн сургууль, 3 политехникийн коллеж үйл ажиллагаа явуулдаг.
Дархан ҮТП байгуулагдсанаар:
- Арматур, ган бөмбөлөг, ган хуудас
- Тусгай зориулалтын гангийн
- Кокс-эрчим хүчний
- Тоног төхөөрөмжийн
- Сэлбэг хэрэгслийн
- Ган эдлэлийн зэрэг үйлдвэрүүд дагаж хөгжих боломжтой.