Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумдын нутагт металлурги, химийн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, катодын зэс, элементийн хүхэр, үнэт металл, зэс бүтээгдэхүүн, эрчим хүч зэргийг үйлдвэрлэнэ.
Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдсан байдал
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.7.2-т “Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Паркийн бүрэлдэхүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулна.” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтын 13-т “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх төсөл” гэж тус тус тусгагдан батлагдсан.
Дэд бүтэц, ажиллах хүчний нөөц
Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор 1217 га газрыг үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан, үүнээс 220 га талбайд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр (ЗББҮ) баригдаж, бусад талбайд дагаж хөгжих боловсруулах үйлдвэрүүдийг хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан байгуулна.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэх 560.0 мян.тн зэсийн баяжмалыг боловсруулж 125.0 мян.тн катодын зэс, 72 кг алт, 38.2 тн мөнгөн гулдмай болон 182 мян.тн элементийн хүхэр үйлдвэрлэж 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлогыг бүрдүүлж улс, орон нутгийн төсөвт 27 сая ам.долларын татварын орлого бүрдүүлнэ. Боловсруулах үйлдвэрээс гарах үнэт металлыг Монголбанканд тушааж, бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн дараагийн шатны боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлнэ.