ТАВАНТОЛГОЙ ҮТП

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Кокс химийн цогцолбор, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр Тавантолгой үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч буй баяжмалыг цаашид боловсруулж говийн бүсийн үйлдвэрлэл, технологийн төвийг хөгжүүлнэ. Ингэснээр металлургийн үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэх, улмаар гарган авсан коксыг өндөр үнэтэйгээр экспортлох боломж бий болгохоос гадна коксын үйлдвэрлэлийг дагалдан хөгжүүлэх шаардлагатай химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, хувийн хэвшлийн жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг бий болгох юм.

  • Кокс-хими, кокс-эрчим хүчний үйлдвэр;
  • Кокс-химийн үйлдвэрийн дагалдах бүтээгдэхүүн боловсруулах химийн үйлдвэрүүд;
  • 450 МВт нүүрсний цахилгаан станц;
  • Гадаргын болон гүний усны инженерингийн төслүүд;
  • Сэргээгдэх эрчим хүчний цогцолбор, дэд станц, агаарын дамжуулах шугам;
  • Үнс бүрэн боловсруулах болон ус цэвэршүүлэх үйлдвэр;
  • Төмөр замын логистик төв;
  • Нүүрс, химийн технологи, инновацын төв, бизнес инкубатор, туршилтын лаборатори, сургалтын төв;
  • Гаалийн агуулах барих төсөл;
  • Ногоон тээврийн коридор зэрэг болно.

Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдсан байдал

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1.6-д “Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна.” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтын 10-т “Байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүчний төслүүд”, 12-т “Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүд” гэж тусгасан.

Дэд бүтэц, ажиллах хүчний нөөц

Тус байршилд авто зам, төмөр замын сүлжээ сайн хөгжсөн, Загийн хоолойгоос ус дамжуулах байгууламжийг бүтээн байгуулсан, дулааны хангамж хүрэлцээтэй, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ажиллах хүчний нөөцийг Цогтцэций, Ханбогд сумдад амьдардаг 10 мянган иргэн, Даланзадгад сумын ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургууль, политехникийн коллежийн сургалт, үйл ажиллагаагаар бэлтгэх боломжтой.

Тавантолгой ҮТП байгуулагдсанаар:  

  • Давирхай боловсруулах үйлдвэр
  • Хий боловсруулах үйлдвэр
  • Хаягдал ус боловсруулах үйлдвэр
  • Үнс иж бүрэн боловсруулах үйлдвэр зэрэг үйлдвэрүүд дагаж хөгжих боломж бүрдэнэ.