ХӨТӨЛ ҮТП

Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон сумдын нутагт кальцийн карбонат, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр Хөтөл үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, идэвхжүүлсэн болон нано кальцийн карбонат, цемент, шатаасан болон гидратын шохой, барилгын төрөл бүрийн материал, төмөр бетон хийц эдлэл зэргийг үйлдвэрлэснээр шохойн чулуунд суурилсан бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл, чанарыг нэмэгдүүлж, Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжинэ. ҮТП-ийн хүрээнд дараах үйлдвэр, бүтээн байгуулалт хийгдэнэ.

“Цемент шохой” ХХК Хөтөл-1, Хөтөл-2 ордын нөөцийг бүрэн ашиглах, уурхайн насжилтыг уртасгах, дотоодын баяжуулах үйлдвэрүүдэд шаардлагатай технологийн шохойн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг орлох зорилгоор Шохойн үйлдвэрийг шинэчлэх ТЭЗҮ, БОННҮ хийж батлуулсан. Тус үйлдвэрийг байгуулснаар 600 мян.тн шохой үйлдвэрлэх ба Эрдэнэт УБҮ-т нийлүүлэх шохойн чанарыг нэмэгдүүлж, дагаж хөгжих ариутгал, арьс ширний үйлдвэр, бордоо, шахмал түлшний бэхжүүлэгч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрүүдэд илүүдэл бүтээгдэхүүнээ нийлүүлнэ. Дагаж хөгжих үйлдвэрүүдийг хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид байгуулна. Мөн ойр орчмын шохойн чулууны нөөцөд тулгуурлан цаашид шохойн үйлдвэрлэлийг өргөтгөн кальцийн карбонат (нано кальцийн карбонат, идэвхжүүлсэн кальцийн карбонат) үйлдвэрлэх боломжтой байна. Мөн цементийн үйлдвэрлэлийг өргөтгөж зам гүүрний болон угсармал барилгын төмөр бетон хавтан үйлдвэрлэл, бетон хийцлэлүүдийг үйлдвэрлэх зэрэг барилгын материалын томоохон цогцолбор болох боломжтой.

Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдсан байдал

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “3.7.13. Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ.” гэж батлагдсан.

Дэд бүтэц, ажиллах хүчний нөөц

Тус байршилд авто зам, төмөр замын сүлжээ сайн хөгжсөн, ус, дулааны хангамж хүрэлцээтэй бөгөөд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ажиллах хүчний нөөцийн хувьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Дархан-Уул болон Орхон аймгуудад мэргэжлийн хүний нөөц бэлтгэхэд шаардлагатай их сургууль, политехникийн коллежууд үйл ажиллагаа явуулдаг.