Улаанбаатар хот, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орших Багануурын хүрэн нүүрсний орд бүхий Нялга-Чойрын нүүрсний сав газрыг түшиглэн “Эрчим хүч, Нүүрс-химийн цогцолбор” олон улсын жишигт нийцсэн, өндөр технологид суурилсан нүүрс химийн загвар үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийг бүтээн байгуулна. Нялга-Чойрын сав газрын хүрэн нүүрсийг боловсруулан байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, өндөр технологид түшиглэсэн загвар үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрчим хүч, хатуу, хийн болон шингэн түлш, аж үйлдвэрийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орчны бохирдол бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд голлох нөлөө үзүүлнэ. Дараах үйлдвэр, бүтээн байгуулалтыг ҮТП-ийн хүрээнд барьж байгуулна.
- Багануурын нүүрсний ордыг түшиглэн 400 МВт-н ДЦС байгуулна;
- Багануур ҮТП-ийг тасралтгүй, найдвартай эрчим хүч, ус, дулаан, уураар хангах, цэвэрлэх байгууламжийн гадна болон дотоод сүлжээг байгуулна;
- Хүрэн нүүрсийг коксжуулах (пиролиз), хийжүүлэх зэрэг аргаар боловсруулах технологи, ноу-хау эзэмшиж, шинэ дэвшилтэт техник технологи бүхий загвар үйлдвэрийг бий болгоно;
- Пиролиз болон хийжүүлэлт, нүүрс-химийн үйлдвэрт шаардлагатай химийн болон тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн хангамжийн логистикийн тогтолцоог бүрдүүлнэ;
- Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, тойргийн эдийн засаг бүхий паркийг хөгжүүлнэ;
- Багануур ҮТП-т хүрэн нүүрс боловсруулах технологи, инновацын төв бий болгох, ажиллах хүчнийг тасралтгүй бэлтгэх тогтолцоог бүрдүүлнэ;
- Зах зээлийн татах стратеги бүхий захиалгат, төлөвлөгөөт үйлдвэрлэлийг хөгжүүлнэ;
- Нүүрс-химийн цогцолборын бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ЖДҮ-ийг хөгжүүлнэ;
- Дотоодын ААН, үйлдвэрүүдийн харилцан уялдааг хангаж, өртөг зардлыг бууруулна;
- Хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн механизмыг бүрдүүлэх, өрсөлдөх чадвартай паркийн менежментийг бий болгоно.
Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдсан байдал
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг хангах дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөж, шинэ цахилгаан станц барьж дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цахилгаан эрчим хүч экспортолно; Эрчим хүчний салбарт инновац, дэвшилтэт техник, ухаалаг технологийг нэвтрүүлж, санхүүгийн бие даасан, үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ.” гэж баталсан.
Дэд бүтэц, ажиллах хүчний нөөц
Тус байршилд авто зам, төмөр замын сүлжээ сайн хөгжсөн, ус, дулааны хангамж хүрэлцээтэй, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ажиллах хүчний нөөцийн хувьд Багануур дүүрэг нь нийт 8862 өрхөд 29391 хүн оршин суух бүртгэлтэй, 18-64 насны 8061 хүн хөдөлмөр эрхэлдэггүй. Налайх, нийслэлийн уул уурхайн мэргэжлийн их сургууль, политехникийн коллежуудад мэргэжилтэн бэлтгэж, ажиллах хүчний нөөцөөр хангах боломжтой.
Багануур ҮТП байгуулагдсанаар:
- Хүчилтөрөгчийн станц 99.6%
- Кальцийн карбидын үйлдвэр
- Нүүрс хийжүүлэх үйлдвэр
- PVC үйлдвэр
- Бензин түлшний үйлдвэр дагаж хөгжих боломжтой.