ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН УДИРДЛАГЫН КОМПАНИЙН ЧИГ ҮҮРЭГ ЮУ ВЭ?
Эрдэнэс Монгол Нэгдэл 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө төрийн өмчийн ордуудын эрдсийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн бодит өсөлтийг хангуулах зорилгоор дараах 6 байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зорилтыг дэвшүүлсэн.
Эдгээр 6 байршилд байгуулах ҮТП-ийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, болон үйл ажиллагааны менежментийг паркийн удирдлагын компани буюу “Эрдэнэс ҮТП” ХКК хэрэгжүүлэн ажиллаж байна.

Паркийн удирдлагын компани нь олон улсын жишгээр төлөвлөлт судалгаа, технологи дамжуулах, инновац хөгжүүлэлтийн чиглэл, хөрөнгө оруулалт санхүүгийн зуучлалын чиглэл, хүний нөөцийг бэлтгэн нийлүүлэх чиглэл, дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлүүдийг хамарч үйл ажиллагаа явуулдаг.
Монгол Улсын Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд паркийн удирдлагын компанийг паркийн үйл ажиллагааг зохион байгуулах, хөгжүүлэх чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд гэж заасан.