Дарханы төмөрлөгийн үйлдвэр  хагас жилийн төлөвлөгөөгөө 100-112% давууллаа

      Өнгөрсөн 7 хоногт “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин болон хараат компаниуд оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээ хэлэлцсэн билээ. Энэ үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр оны эхний хагас жилд толгой компанийн ТУЗ-өөс баталсан төлөвлөгөөг бүрэн ханган ажиллаж, тайлант хугацаанд гангийн үйлдвэрлэл нь 110%-ийн биелэлттэй, уул уурхайн үйлдвэрлэлд, хөрс хуулалт 85%, хүдэр олборлолт 100%, хүдэр боловсруулалт 99%, баяжмал үйлдвэрлэлт 112%-ийн биелэлттэй ажилласан талаараа тайлагналаа.  Тус үйлдвэр 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 145 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс 77 ажлыг Гангийн үйлдвэрийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, үйлдвэрлэлийг тасалдалгүй жигд явуулахад чиглэсэн засвар үйлчилгээний ажил бол 68 ажил нь уул уурхайн хэсэгт хийхээр төлөвлөсөн ажлууд байна. Тус үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл нийтдээ 933.2 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төмрийн хүдэр 28.4 сая тонныг олборлож, хуурай соронзон аргаар 27.7 сая тонн хүдэр боловсруулж, 21.4 сая тонн баяжмал үйлдвэрлэжээ. Компанид өнөөдрийн байдлаар 1471 ажилтан ажиллаж байгаагийн 98 хувь нь орон нутгийн ажилтан ажиллагсад байна.