Үлгэрт цэг тавих үйлдвэрлэл, технологийн парк

Эрдэнэтчүүд төдийгүй монголчууд бидэнд, Монгол Улсад маань хөгжлийн гэрэл гэгээ, итгэл найдвар авчирах нэгэн томоос том бүтээн байгуулалтын гэрч нь бидний хэдэн сэтгүүлч болов. Юу хэмээвээс Орхон аймагт байгуулж буй “Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалттай өнгөрсөн мягмар гарагт танилцсан хэрэг.

Үйлдвэрлэл, технологийн парк хэмээх нэр томьёо монголчууд бидэнд танил болоод 20 жил болжээ. Монгол Улсад үйлдвэрлэл хөгжүүлж, элгээрээ хэвтсэн эдийн засгийг “сэхээний тасгаас” нь гаргаж, эрүүл саруул, чадал тэнхээтэй болгоно гэсэн сайхан амлалттай Аж үйлдвэрийн, Үйлдвэрлэл, технологийн гэх нэртэй мөн ч олон паркийн шав тавьсан даа, манай улстөрчид. Ихэд итгэж, хүлээж байсан тэдгээр Үйлдвэрлэл, технологийн паркаас амилсан нь нэгээхэн ч үгүй. Зарим нь луйварчдын гараар орж, татвар төлөгчдийн мөнгийг хэдэн зуун тэрбумаар нь шамшигдуулсан гэдгийг хүмүүс надаар хэлүүлтгүй мэднэ.

Юуны өмнө Үйлдвэрлэл, технологийн парк гэж юу юм бэ, үйлдвэрлэлийг яагаад парк маягаар хөгжүүлэх шаардлагатай болов гэдэг талаар товч мэдээлэл өгөх нь зөв болов уу.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд 1970-аад оны эхнээс үйлдвэрлэлээ төрөлжүүлж, бие биеэ дэмжсэн, бүх дэд бүтэц нь төвлөрсөн байдлаар хөгжүүлэх болсон байна. Үүнийгээ Аж үйлдвэрийн парк (АҮП) гэж нэрлэх болж. АҮП-ийн хөгжил 10 гаруйхан жилийн дараа шинэ үе шатандаа орж, шинжлэх ухаан, технологийн ололтыг илүү ашиглах замаар бизнесийг өргөжүүлэх нэг хэлбэр болсон. Үүнээс хойш мөн л 10 гаруйхан жилийн дараа АҮП-ийн хөгжлийн гурав дахь үе эхэлсэн байна. Энэ үед үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх төдийгүй паркдаа зөвхөн дэд бүтэц, үйлдвэрлэлээ төвлөрүүлэх төдийгүй ажилтан, ажилчдынхаа нийгмийн асуудлыг иж бүрэн шийдсэн багахан хот байгуулах болов. Ингэснээр ажлын бүтээмж ч нэмэгдсэн аж.

Тэгвэл өнөө цагт байгаль орчинд ээлтэй, шинэ инновацид тулгуурласан, мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжих замаар үйлдэрлэлийг хөгжүүлж буйгаа Үйлдвэр технологийн парк (ҮТП) хэмээх болсон байна. Эдийн засгийг өргөжүүлэх, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь аль улсын ҮТП-ийн гол зорилго юм.

Манай улс ҮТП байгуулах эрх зүйн үндсийг 2003 онд тавьж, зургаан жилийн дараа хууль баталсан байх юм. Түүнээс хойш 14 жилийн дараа хуулийг нь шинэчлэн найруулж, хэрэгжүүлж эхлээд байна. Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль баталснаар паркийн үйл ажиллагааг удирдан зохицуулах асуудал нэгдсэн бодлого төлөвлөлттэй болж, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг тодорхой байршилд төвлөрүүлэн, дэд бүтцийн нэгдсэн хангамж бий болж, хамгийн гол нь паркийн үйл ажиллагаанд төрөөс бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэг үзүүлэх хуулийн орчин бүрдүүлэв. Түүнчлэн, хөрөнгө оруулалт татах таатай нөхцөл бүрдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилт техник, технологи нутагшуулах, хөгжлийг нь хангах зохицуулалт бий болгож, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник, технологийн дэвшил ашиглах, үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, дагалдаад жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих ач холбогдолтой болсон хэмээн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид үзэж байна.

Монгол Улсын Засгийн газраас ойрын жилүүдэд Үйлдвэрлэл, технологийн зургаан парк байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэг болох зэс хайлуулж, боловсруулах “Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн парк”-ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөөврийн хөндий хэмээх газарт байгуулж байна. “Нийт 1217 га газрыг хамарсан, ажил нь өнгөрсөн оноос эхэлсэн бүтээн байгуулалт 42.5 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа”-г Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл бидэнд танилцуулсан юм.

Паркийн суурь үйлдвэр болох Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд төмөр зам, авто замын ажил 55 хувьтай байна. Бүтээн байгуулалтын эхний үе шат 2028 онд дуусаж, бүрэн ашиглалтад орох бөгөөд катодын зэс, ферромолибден үйлдвэрлэж эхэлнэ. Үндсэн үйлдвэрүүд ашиглалтад орсноор жилдээ 1.3 тэрбум ам.долларын орлого олж, 91.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэж үзэж буй юм байна. “Эрдэнэт” ҮТП байгуулснаар 1300 орчим ажлын байр бий болж, ажиллагсдын 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт хамаарна гэсэн тооцоо гаргажээ.

Өнөөдрийг хүртэл бид зэсийн хүдрээ олборлож, баяжуулаад экспортолж ирэв. Зэсийн баяжмалд багагүй хэмжээний алт, мөнгө агуулагддаг. Зэс хайлуулах, боловсруулах дээрх үйлдвэр байгуулснаар нэг жилд 125 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38 тонн мөнгө олборлох юм. Түүнчлэн дээрх паркад жилд 1-10 тоннын даацтай, ачааны авто машины үйлдвэр байгуулна. Тус үйлдвэр жилдээ 10 мянган машин үйлдвэрлэх ба үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Нийтийн тээврийн нэг чухал хэрэгсэл бол автобус. Монгол Улс нийтийн тээврийн автобусаа гадаадаас авахад зарцуулсан мөнгө хэдэн их наяд хүрэх биз. Хамгийн ойрын жишээ гэхэд олны хэл амны бай болсон “ногоон” гэх автобусыг авахад 400 гаруй тэрбумыг зарцуулсан. Автобус худалдаж авахад зарцуулдаг тэр мөнгө удахгүй эх орондоо үлддэг болох цаг ойрхон болжээ. “Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн парк”-д нэг жилд 500 ширхэг автобус үйлдвэрлэх үйлдвэр 2027 онд ашиглалтад орно.

Дээрх паркад нэг жилд ачааны 500 вагон үйлдвэрлэх үйлдвэр байгуулна гэсэн мэдээг сонсоод манай уул уурхайхан, экспортлогчид итгэхгүй байж ч мэднэ. Тэгвэл та дөрөвхөн жилийн дараа эх орондоо үйлдвэрлсэн ачааны вагоноор уул уурхайн болон экспортын бусад бараа бүтээгдэхүүнээ тээвэрлүүлэх боломжтой болох нь ээ.

Энэ мэт гэрэл гэгээтэй, хөгжлийн зүтгүүр болох үйлдвэрүүдийг бүтээн босгохоор “Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн парк”-д төлөвлөж, дэд бүтцийн ажил нь 60 шахам хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өмнөх паркууд шиг үлгэр болгохгүй, бодит бүтээн байгуулалт хийхээр Засгийн газар, хувийн хэвшлийнхэн хичээн ажиллаж байна. Дэд бүтцийн ажлаа дуусгаад үйлдвэрүүдээ байгуулахаар хөрөнгө оруулагчидтайгаа ширээний ард суугаад эхэлжээ.

Эх сурвалж: ikon.mn   2024.09.19

https://ata.mn/8840