“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэрэгжүүлэх дараагийн реформыг дэмжлээ

“Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

“Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэхүү амжилтын үр дүнд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу 3.6 тэрбум ам.долларыг Монголбанканд төвлөрүүлж, нэгдлийн толгой компани 200.0 тэрбум, нэгдлийн хэмжээнд 394.0 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ.

Танилцуулгатай холбогдуулан “Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Жонш боловсруулах цогцолбор”, “Кокс-химийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрчимжүүлэх, Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн 6 паркийг оруулах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.