Манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн мэдлийн уул уурхайн компаниудын 80 хувь нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд ажилладаг. Энэ утгаараа уул уурхайн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд анхаарлаа хандуулж ажиллах нь Нэгдлийн хувьд үүрэг гэж үзэж буй юм.
Үүсээд буй хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг хангах чиглэлд үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын “Эрдэнэс ҮПТ” ХХК нь энэхүү үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Үйлдвэрлэл, технологи, төсөл хөгжүүлэлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Энхбат, мэргэжилтэн Ц.Оюундарь нар ШУТИС-ийн Ректор Т.Намнан, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны ахлах мэргэжилтэн Г.Батзориг нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар талууд технологи, инновац, хүний нөөцийн чиглэлд хамтран ажиллаж, нарийн мэргэжлийн хүний нөөцийг дотоодод болон гадаадад сургах, мэргэшүүлэх боломж нөхцөлийг судлан хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.
Цаашид аж үйлдвэрлэлийн салбарын инженер, техникийн өндөр мэргэжилтнийг бэлтгэх бааз суурь болсон судалгаа, шинжилгээний чиглэлд хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.