“ЭРДЭНЭСИЙН ЦОМ”-ын эзэд тодорч, 2024 оны ажлын хэрэгжилт-үр дүнгээ дүгнэлээ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой, жил бүрийн 12 дугаар сарын 25-нд тохиодог “Уурхайчдын өдөр”-ийг угтаж “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 2024 онд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгээ хэлэлцэн тайлагнах “Эрдэнэсийн цом-2024 ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.  

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд, нэгдлийн удирдлагын баг, охин, харьяа, хараат компани болон төслийн нэгжийн удирдлагууд, нийт ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

“Эрдэнэсийн цом-2024” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 2024 онд амжилт бүтээлтэй ажилласан компаниудыг шалгаруулан нэгдлийн “Оюу””, Алт”, “Очир” эрдэнийн цомыг гардууллаа. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг шинэчлэн тогтоож, нэмэгдүүлсэн, хиймэл оюун ухаанд суурилсан “Худалдан авалтын цахим систем” нэвтрүүлж, бүрэн автомат “Эмульсийн үйлдвэр”-ийг ашиглалтад оруулсан, баяжуулах үйлдвэрлэлийн хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, 40 сая тоннд хүргэсэн зэрэг үзүүлэлтээр Очир эрдэнийн цомоор,  “Багануур” ХК-ийг менежементийн үйлчилгээний үр дүнд олборлолтоо нэмэгдүүлж, үндсэн үзүүлэлтүүдээ сайжруулан алдагдлыг бодитоор бууруулж, нэгдлээс зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүдэд манлайлан оролцсон үзүүлэлтээр Алтан эрдэнийн цомоор, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийг үйлдвэрлэл технологийн 6 паркын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн, нэгдлийн дунд хугацааны стратегийг сайн хэрэгжүүлсэн үзүүлэлтээр Оюу эрдэнийн цомоор тус тус шагналаа. 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх компаниуд Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2024 онд 4.3 тэрбум ам.долларыг Монголбанканд төвлөрүүлж, улсын гадаад валютын албан нөөцийн 77 хувийг дангаар бүрдүүлж, эрдийн засгийн тогтвортой байдалд гол нөлөө үзүүлэн ажиллалаа. Улмаар 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 5.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх онтой харьцуулахад борлуулалтын орлого 6 хувиар, цэвэр ашиг 22 хувиар өссөн дүнтэй гарахаар байна. 

 

Түүнчлэн 2024 онд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2022, 2023 оны цэвэр ашгаас 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилж, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш мэндэлсэн Монгол Улсын 900 мянган иргэнд шинээр 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүллээ.  

Мөн нэгдлийн 6 компани 2024 онд Хуримтлалын санд  500 тэрбум төгрөгийг төвлөрүүлснээр 10 мянган иргэний ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн ба эдгээр Эрдэнэс Монгол нэгдлийн өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн цогц ӨӨРЧЛӨЛТ-ШИНЭЧЛЭЛ-ийн реформын ажлыг Засгийн газраас сайн гэж дүгнэн дараагийн шатны реформыг үргэлжлүүлэхийг дэмжээд байгаа юм.