

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төслийн менежер Б.Мягмаржаргал, Хяналтын инженер Э.Хатанболд нар Монгол дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/-ийн тэргүүн В.В. Кильпякова, Орос хэлний төвийн захирал Д.В. Борисова нартай уулзалт хийлээ. Монгол дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв Монгол Улсад шаардлагатай боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн инженер техникийн мэргэжилтнийг ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах, ижил төстэй паркуудтай хамтран ажиллах, тус улсын их дээд сургууль, судалгааны байгууллагуудын доктор, профессоруудыг урьж ажиллуулах, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг инженер суурьтай мэргэжил сонгоход туслах нөлөөллийн аяныг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.


Монгол дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/ нь манай улсын ЕБС төгсөгчид, их, дээд сургуулийн оюутнуудыг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамруулдаг бөгөөд энэ хичээлийн жилд 620 хүүхдэд 100 хувийн сургалтын тэтгэлэг олгосон байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэл нь Монгол Улсын 6 байршилд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө тусгаж, паркуудад шаардлагатай боловсруулах чиглэлийн инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилготой “Би инженер” хөтөлбөрийг Эрдэнэс ҮТП компани санаачлан хэрэгжүүлж байна. Эрдэнэс ҮТП ХХК Оросын соёл шинжлэх ухааны төвтэй энэ чиглэлээр хамтран ажиллахаар болов.