ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР

Том төслүүдийг хэрэгжүүлэхэд импорт хурдацтай өсдөг. Мега 14 том төслийн гол ач холбогдол нь эдийн засаг төрөлжинө. Энэ дотор авто зам, төмөрзам, эрчим хүч, нефть химийн үйлдвэрийн төслүүд байна. Сүүлийн 20 жилийг харахад эдийн засагт түлхүү хувь нэмэр оруулдаг салбар маань уул уурхай хэвээрээ байна. Ирэх 20-30 жилийн дараах өсөлтийн зөв бүтэцтэй эдийн засаг бий болгохын тулд зайлшгүй өөрчлөлт хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд дорвитой өөрчлөлт хийсэн салбар бол мөн л уул, уурхай дээрээс нь мэдээлэл, харилцаа холбоо, банкны салбар л байна шүү дээ. Бусад салбарт технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт дутмаг байна.
Энэ утгаараа тодорхой мега төслүүдийн тухай зайлшгүй ярих цаг болсон. Судлаачид болон практикт ажиллаж байгаа хүмүүсийн хооронд зөрүүтэй ойлголт байдаг. Мэдээж практикт ажиллаж байгаа хүмүүс маань төслүүдээ хурдан явуулах гэнэ. Харин судлаач нар тооцоо судалгаагаа дэс дараалалтай хийх гэдэг. Тэгэхээр аль аль нь энэ дарааллаа зөв байрлалд нь явуулах нь чухал.
Жишээ нь төслийн менежмент нь төслөө удирдаж байхад төрийн захиргааны байгууллага очоод тэгж хий, ингэж хий гээд заагаад байвал том төсөл биш болно. Тэгэхээр менежмент талдаа бидний авах ёстой сургамж нь энэ.
Хоёр дахь бидний сайн бодох ёстой зүйл бол ирээдүйд чиглэсэн том эдийн засаг руу явж байгаа учраас төлөвлөлт маань онцгой чухал. Тухайлбал, нэг төслийг дангаар нь ярихаар алдаа болно. Нийт төслийнхөө хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий төлөвлөгөөг харах хэрэгтэй.
Энэ олон төслүүд тус тусдаа баригдахаас гадна хоорондоо яаж уялдах вэ гэдэг хамгийн чухал. Мэдээж нэг үйлдвэр бариад тэр лүүгээ нэг зам тавиад байж болохгүй. Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөө гэж удахгүй УИХ аар батлагдах ёстой бичиг баримт байгаа. Энэ төлөвлөгөөнд мега төслүүд маань зөв сууж өгч байна уу гэдгийг анхаарах ёстой.
Гурав дахь анхаарах ёстой зүйл гэвэл манай төр захиргааны байгууллагууд стандартын тухай. Энэ төслүүд баригдаж байхад цаана нь шинэ стандарт зэрэг хэрэгжиж байх ёстой.
Төрийн захиргааны байгууллагууд зарим төслүүдийн дотоод асуудал руу хэт их ордог.
Цогц төслийн удирдлага гэдгээрээ нэгдсэн менежменттэй нь нэг баг л байх ёстой. Тэр багийг яаж чадавхтай байлгах вэ, хэн нь төлөвлөгөөг нь хийх вэ, хэн менежментийг нь хийх вэ гэдэг дээр энэ багаа сайн бүрдүүлэх дээр л манайхан их дутагдалтай байдаг.
Бүх төслийн гол асуудал бол хүний нөөц, чадавх шүү дээ. Үүнийгээ бэлтгэх ажлаа бид давхар хийхгүй бол бүх ажлаа гаднаас хөрөнгө оруулагч ирээд хийчихнэ, гадаад ажилтан аваад хийчихнэ гэж гээд байх юм бол эдийн засаг маань буруу тийшээ л явна гэсэн үг.
Төслүүдийг хувийн хэвшил хийх ёстой гэдгийг би дэмжиж байна. Одоогийн манай нөхцөлд ихэнх үнийн бодлого цахилгаан, шатахуун гэх мэт төрийн зохицуулалттай байгаа. Тэгэхээр энд хувийн хэвшлийг оруулахын тулд бензин шатахууныг 2030 онд борлуулагдахаар байх ёстой. Төр эрчим хүч, шатахуун, ус гээд төр үнээ хянаад байхаар хувийн хэвшил ороход хэцүү.
Дархан Сэлэнгийн бүсэд арайхийж нэг ган хайлуулах үйлдвэр бариад тоног төхөөрөмжөө авах гэтэл хугацаандаа ирэхгүй уддаг. Экспортод бүтээгдэхүүнээ гаргах гэтэл бодсоноос нь өндөр өртөгтэй гардаг гэдэг ч юм уу асуудлууд үүсдэг.
Тээвэр ложистик, эрчим хүч маань бүх төслөөсөө түрүүлж яваад баталгаатай болох ёстой. Төслөө хэрэгжүүлэх гэж байгаа аж ахуйн нэгж бид 2030 онд тээвэр ложистикийн асуудалгүй юм байна, хугацаандаа бараа бүтээгдэхүүн маань тээвэрлэгдэх юм байна, үнэ тариф нь тэр орчимд байх юм байна гэсэн төсөөлөлтэй байж төслийнхөө зураглалыг хийнэ. Олон төслүүдийн суурь асуудал бол энэ. Ялангуяа манай эрчим хүч өнөөдөр дутагдлаа нөхөх хэмжээнд байгаагаас биш 2030 оны хэрэглээг хангаж чадах уу гэдэг асуудал. Эдийн засгийн хувьд төсөл тус бүр дээр ашигтай харагддаг. Харин бүх төслүүдээ нийлүүлээд харах нь чухал.
Импорт, гадаад худалдааны бодлогодоо төр илүү анхаарал хандуулахгүй бол хэрэглээ дагасан импорт өсөөд байвал мега төслүүддээ сөрөг нөлөөтэй тусна. Жишээ нь автомашины импорт өсөхөөр дагаад шатахууны импорт өсдөг. Мөн экспорт талдаа ч чухал бодлого хэрэгтэй болоод байгаа. Нүүрсний экспортыг ямар үнэ цэнээр, ямар хэмжээгээр хийх вэ гэдгийг компанийн түвшинд биш улс орныхоо түвшинд харах шаардлагатай. Манай улсын хувьд суурь нөхцөл маань өөрчлөгдөөгүй түүхий эдээсээ өндөр хамааралтай хэвээр байна. Уул уурхайн салбар экспортын 94 хувь, түүн дотроо зөвхөн нүүрсний экспорт ирэх онд 57 хувь хүрэх гэж байна. Сүүлийн жилүүдэд экспортын орлого өсөөд байгаа нь сайн боловч гадаад ямар нэгэн хүчин зүйлээс болж буурахад манай эдийн засагт эргээд шок авчрах өндөр эрсдэл гэж харах хэрэгтэй. Тиймээс бид суурь нөхцөл дээрээ болгоомжтой хандах ёстой.
Эх сурвалж: bloombergtv
“Мега төслүүдийн хэрэгжилт, санхүүжилтийн боломж” нэвтрүүлгээс…