Эрдэнэс Монгол  нэгдэл 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

      Эрдэнэс Монгол нэгдэл нь бүрэлдэхүүн компаниудын  Гүйцэтгэх удирдлагын уулзалтаараа нэгдлийн 2024 оны ажлын үр дүн болон 2025 оны зорилго, зорилтоо хэлэлцлээ. 
      Уулзалтаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформ, нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа. Мөн  2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгож буйг онцлоод, томоохон бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

     2025 онд  Эрдэнэс Монгол  нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд нийт 507.1 тэрбум төгрөгийг “Чингис хаан-Үндэсний баялгийн сан”-д төвлөрүүлэх, Засгийн газрын 14 мега төслөөс Эрдэнэс Монгол нэгдлийн 7 төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилт тавилаа. Энэ талаар Эрдэнэс Монгол  нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт; “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл зарлагдсаны 7 төсөл нь манай нэгдлийн харьяа бүрэлдэхүүний компаниудад хэрэгжих төслүүд ба санхүүжилтэд зориулж 2025 онд тэрбум ам.доллар босгох шаардлагатай. Энэ хөрөнгө манай том төслүүдийн бүтээн байгуулалтад зарцуулагдана. Тиймээс бид 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгож байна” гэв.

     Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нийгмийн хариуцлагын хүрээнд, Нүүрс-пиролизын үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсний уурхайг түшиглэн байгуулах бөгөөд 2026 оны III улиралд багтаан эхний модулийг ашиглалтад оруулж, хагас-кокс  нүүрс үйлдвэрлэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын зуухнаас гарах утааны бохирдлыг 80% хүртэл бууруулах боломж бүрдэх юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд борлуулалтын орлогын нэг хувиар хотын түгжрэлийг бууруулах “1-р тойрог зам” төслийн эхний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр болсныг танилцуулав.