14 мега төслөө эдийн засгийн таатай энэ үед улс төржихгүйгээр шуурхай явуулах хэрэгтэй

Эдийн засагч доктор, профессор  Ч.Хашчулуун

      Засгийн төслүүдийг бүгдийг нь хувийн хэвшил хийх ёстой биш. Эдийн засгийн хувьд ашиггүй хэрнээ нийгмийн хувьд чухал төслүүдээ төр өөрөө хариуцаж хийхээс өөр аргагүй. Одоо 14 мега төслөө  Засгийн газар аль болохоор төсвийн мөнгөөр биш хувийн хэвшлийг татан оролцуулж, нөхцөлийг нь бүрдүүлж, ашигтай болгох тал дээрээ ажиллах нь зөв. Жишээ нь татварын хөнгөлөлт үзүүлдэг юм уу, баталгаа гаргаж өгдөг ч юм уу гэх мэтээр.  Улс төрийн нүдээр ерөөсөө ч харж болохгүй. 14 мега төслийг харахад салбарууд нь өөр өөр учраас энийг нь эхлээд,  тэрийг нь дараа нь барья гэж хэлэхэд хэцүү,  бүгд л чухал төслүүд. 
      Боломж байдаг бол зэрэг баривал бүр сайн. Санхүүгийн хувьд боломж байна уу гэдэг чухал. Хоёрдугаарт, зарим төслүүд нь аж үйлдвэрийн нэлээд том төслүүд бий. Ийм төслүүдийн санхүүжилт нь асар өндөр учраас манай хувийн хэвшлийнхэн оролцъё ч гэсэн нэн бэрх. Тийм учраас орлого сайтай одоо үедээ л төр хариуцаад баривал барих юм. Мөнгөө тараахгүйгээр төслүүддээ оруулвал зүгээр гэж бодож байна.
     Мега төслүүдийг явуулахад геополитикийн болон улс төрийн эрсдэл байж магадгүй. Гэхдээ  2009 онд батлагдсан төслүүдийн тал нь  яаж ийгээд хэрэгжсэн. Тэгэхээр төслүүдийг төрөөс батлах нь чухал юм байна. Одоогийн 14 мега төслөөс  10 жилийн дараа тал нь хэрэгжсэн байхад  амжилтад хүрлээ гэж үзэж болох нь. 
     Төслийг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр нь би хувьдаа хурд гэж боддог.  Тиймээс Засгийн газар 14 төслөө хэрэгжүүлэхдээ онцгой анхаарах ёстой гэдэгтэй санал нэг байна. Төслийн 14 нэгжээ хурдтай бүрдүүлчихвэл 2-3 жилийн дараа үр дүнгээ нэхэж эхэлнэ.  
      Одоо татварын, санхүүгийн бүх нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд маш шуурхай ажиллах хэрэгтэй. Хийсвэр төсөөллийн юм ярих хэрэггүй, төсөл бүр дээрээ маш тодорхой болгоод шуурхай ажиллах нь чухал. 2000 оны эхээр манай улсын ДНБ тэрбум ам.доллар хүрэхгүй шахуу байсан. Одоо харин 22 тэр ам.доллар байна. Ингэж 22 дахин өссөнийг  гайхамшиг  биш гэж үгүйсгэж болохгүй.  Амжилттай хэрэгжсэн том төслүүдээс Оюутолгой, Тавантолгой, төмөр замын 3 төсөл, Бөөрөлжүүтийн ЦС гээд хувийн хэвшлийн хийсэн нь илүү амжилтад хүрсэн байна. Санхүүгийн хувьд одоо манай улс 10-20 тэрбум долларыг босгох боломжтой байх шиг байна. Гол нь энийгээ ямар ч ашиггүй үрэн таран хийж болохгүй. Манай төр зөв арга олж байгаа гэж харж байна. Хувийн хэвшилтэй хамтраад өөрөө нэг их оролцохгүй, санхүүжилтийг нь өгөөд бариулаад явах нь зөв.
       Хүмүүсийн толгойд төслийг ярьж эхлэнгүүт л маргаашнаас баригдаж эхлэх юм шиг ойлгодог. Үүнд цаг хугацаа орно, 10-20 жил шаардагдана. Мэдээж тэр хооронд Ерөнхийлөгч, Ерөнхийд сайдууд солигдоно.Тэгэхэд төслүүд нь дагаад унаад байж болохгүй, бүгдээрээ бас тэвчээртэй байх хэрэгтэй. Мега төслүүдээ хэрэгжүүлэхэд улс төрөөс хамгийн зайтай ажиллах цаг бол энэ жил. 2025 онд тиймээс маш ажил хэрэгч хандах  ёстой. Сая төсвөө алдагдалгүй баталлаа гэж байна. Энэ бол том амжилт. Дэлхий даяар алдагдалгүй төсөв баталсан орнууд тэр дундаа хөгжиж буй орнууд цөөхөн байна. Одоогийн байдлаар манай өр болон ДНБ-ний харьцаа харьцангуй доогуур байгаа буюу 30 гаруй хувьтай байна. Энэ нь Монголын түүхэнд харьцангуй цөөн тохиолдож байсан. Хуулиараа 60 хувьтай байдаг. Энэ харьцаа доогуур байгаа энэ сайхан боломжоо улс төржөөд алдахгүйгээр ажиллах хэрэгтэй.

Эх сурвалж: bloombergtv
“Мега төслүүдийн хэрэгжилт, санхүүгийн боломж” нэвтрүүлгээс.