“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн удирдлагууд, БНХАУ-ын нүүрс химийн инженеринг, барилгын CNCEC корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Уулзалтаар Багануур дүүрэгт орших Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулах Нүүрс-Химийн цогцолбор төслийн хүрээнд нүүрснээс дизелийн түлш, бензин, нафта, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо. Эрдэнэс ҮТП ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцаж, өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Багануур ҮТП-ийн нүүрс химийн цогцолбор төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратегид тусгагдсан үйлдвэрлэл технологийн паркийн төсөл юм.

China National Chemical Engineering (CNCEC) нь БНХАУ-ын барилгын инженерчлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2022 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийт орлогоороо 16-д, олон улсын төслүүдээс олсон орлогоороо 20-д эрэмбэлэгдсэн төрийн өмчит корпораци юм. Тус корпораци нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн сүүлд Арабын Нэгдсэн Эмират улс, Иракийн засгийн газартай томоохон бүтээн байгуулалтын төсөлд гарын үсэг зуржээ.