“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн, Монгол Улсын баатар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Эрдэнэтийн овоо ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт үйлдвэрийг байгуулах” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, Эрдэнэт Үйлдвэрийг байгуулж, баяжмал үйлдвэрлэж эхэлсний түүхт 45 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Энэ хугацаанд тус үйлдвэр 20.2 сая тонн зэсийн баяжмал, 166.5 мянган тонн молибдены баяжмал экспортолж, улсын болон орон нутгийн төсөвт 7.3 тэрбум долларын татвар хураамжийг төвлөрүүлж, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэн улс орны нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Эрдэнэт үйлдвэрийг 2022 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн. Шинэ бүтэц, зохион байгуулалт хийгдсэнээр өнөөдөр нэгдлийн хэмжээнд 30 компани, үйлдвэрийн газар харьяалагдаж нэг зорилго, нэгдсэн стратеги, төлөвлөгөөний хүрээнд хүчээ нэгтгэн ажиллаж эхэлсэн юм.
Эрдэнэс Монгол нэгдэл 2023 онд 17.8 их наяд төгрөгийн борлуулалт, 5.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж түүхэн дээд амжилт тогтоож буй.
Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” 4 их наяд төгрөгийн орлогыг бүрдүүлж улсын төсөвт 2 их наяд, улсын валютын нөөцөд 1 тэрбум ам.долларыг төвлөрүүлсэн бөгөөд ирэх жил хүдэр олборлолтыг 40 сая.тоннд хүргэхээр төлөвлөж байна.




Эх сурвалж: www.erdenesmongol.mn