
“Mining week-2023” (Уул уурхайн долоо хоног 2023) арга хэмжээний 3 дахь өдөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн Түлш, эрчим хүчний группийн ахлах менежер С.Ашидмөнх “Нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын бодлогын өөрчлөлт, хөгжлийн чиг хандлага” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.
Илтгэлийн эхэнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс нүүрсийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжүүлэхэд баримталж буй бодлогын талаар өгүүлсэн. Нүүрсийг гүн боловсруулснаар нилон, моторын тос, цавуу, будаг зэрэг мянга гаруй бүтээгдэхүүн гарган авах боломжтой гэдгийг тэрбээр онцолсон.
Мөн Нүүрс-химийн цогцолбор байгуулах тухай төслийн талаар танилцууллаа. Уг үйлдвэрлэл технологийн паркийг байгуулснаар диметиллийн эфир буюу хүхэргүй, үнэргүй, байгаль орчинд ээлтэй хийн түлш гарган авах юм. Түүнчлэн, полипропелин хуванцар үйлдвэрлэх боломжтой. Уг хуванцараар уут, ундааны сав, төрөл бүрийн тоног төхөөрөмжийн эд ангийг хийхэд ашигладаг хэрэглээ нь улам өсөн нэмэгдэж байгаа бүтээгдэхүүн гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: www.erdenesmongol.mn