
Манай улс нийт 32.7 тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй. 2023 оны эхний 11 сарын байдлаар 60 сая тонн нүүрс урд хөрш рүү экспортолж дээд амжилт тогтоолоо. Одоогоор нүүрсээ зөвхөн олборлоод түүхийгээр нь зарж төсвийн орлогынхоо тодорхой хувийг бүрдүүлж байна. Байгалийн баялгаа түүхийгээр нь хямд үнээр зардаг бус дотооддоо шингээдэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар төр засгаас яриад удаж байна.
Зөвхөн нүүрсээ түшиглээд эдийн засгаа хөгжүүлж чадсан нутаг бол Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ордос хот аж. Одоогоос 30 гаруй жилийн өмнө зөвхөн малчид амьдарч байсан газрыг томоохон аж үйлдвэржилтийн хот болгож чадсан зүйл нь нүүрс. Тиймээс уг нийтлэлдээ манай улс шиг нүүрсний арвин баялагтай Ордос хотын аж үйлдвэржилтийн талаар танилцуулах болно.
БНХАУ жилд ойролцоогоор дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэдэг байна. Үүний нэг тэрбум гаруй тонныг Ордосын нүүрсний уурхайнууд хангадаг аж. Тус хот 774 мянган хүн амтай. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний дүн нь 2022 оны байдлаар 35,000 ам.долларт хүрчээ. 20 жилийн хугацаанд хүн ам болон дотоодын нийт бүтээгдэхүүний нэрлэсэн хэмжээ хурдацтай өссөн байна. Харин манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоогоор 5,000 ам.доллар байгаа.
Ордос хотын нүүрсний салбарт чухал байр суурийг эзэлдэг хоёр групп бол “И-тай”, “Хуй Нэн” юм. Тус хоёр групп нь нүүрс олборлолтдоо шинэ технологи нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийн парк байгуулж чадсан нь сонирхол татлаа.
Эх сурвалж: www.ikon.mn