“Эрдэнэс Монгол” ХХК, Боловсролын Үнэлгээний төв, “Эрдэнэс ҮТП” ХХК нар хамтран ENGINEERINGEXCHANGE хөтөлбөрийг Монгол Улсын өнцөг булан бүрд зохион байгуулсаар байна. 2024 оны 5 дугаар сард баруун бүсийн Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн төгсөх ангийн сурагчдын дунд тус хөтөлбөрийг зохион байгуулж ажиллалаа.

Монгол Улс сүүлийн жилүүдэд үндэсний хэмжээний мега төслүүдээ хөгжүүлэх зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж байгаа билээ. Үндэсний хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд дотоодод инженер техникийн мэргэжлээр элсэн суралцах сурагчид сүүлийн жилүүдэд цөөрсөн нь томоохон бэрхшээл болоод байгаа юм.
Тиймээс ENGINEERINGEXCHANGE хөтөлбөр нь төгсөх ангийн сурагчдад инженер, техникийн мэргэшлийн чиг баримжааг таниулах, эдгээр мэргэжлээр суралцаж эх орондоо шаардлагатай мэргэжлийг эзэмшихэд туслах мэдээллийг хүргэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд инженер мэргэжлийг таниулж, хүүхдүүдэд шалгалтын чиг баримжаа олгох зорилготой сургалтууд болон мэргэшил эзэмшихэд шаардлагатай “ЭЕШ-ийн алдаа дутагдал” болон “Сэтгэл зүйгээ бэлдэх”, “Гадаадын их, дээд сургуульд хэрхэн элсэх тухай” сонирхолтой сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал бодлыг нь сонслоо.
Тухайлбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Хүний нөөцийн менежер Б.Итгэлбат “Нэгдлийн хүний нөөцийн бодлого”-ын талаар танилцуулга, Эрдэнэс ҮТП”-ийг Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн Н.Булгантамир нь “Үйлдвэрлэл, технологийн паркийг энгийнээр сурагчдад ойлгуулах, инеженер мэргэжлийн талаар зөвлөгөө, мэдээлэл” өгч ажиллав. Engineeringexchange хөтөлбөрт улсын хэмжээнд нийт 35,000 гаруй сурагч хамрагдаад байна.