
Орхон аймгийн ИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар (2024.09.11) Эрдэнэт үйлдвэрлэл технологийн паркийн асуудлыг дэмжлээ. Хуралдаанд Эрдэнэт ҮТП-ийн төслийн менежер, Хойд бүсийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Б.Мягмаржаргал танилцуулга хийсэн байна. Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн Овоо зэс молибдений ордыг түшиглэн зэс боловсруулах чиглэлээр байгуулна.
Эрдэнэт ҮТП-ийн зориулалтаар 1217 га газрыг эзэмшиж дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэж байна. Паркийн суурь үйлдвэр болох Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажлын явц 55 хувьтай байна.
Эрдэнэт ҮТП-ийн бүтээн байгуулалт 2028 он гэхэд эхний үе шат нь дуусаж бүрэн ашиглалтад орох бөгөөд катодын зэс, ферромолибден үйлдвэрлэж эхэлнэ. Үндсэн үйлдвэрүүд ашиглалтад орсноор жилдээ 1.3 тэрбум ам.долларын орлогыг олж 91.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэж үзэж буй. Эрдэнэт ҮТП байгуулагдсанаар нийт 1300 орчим ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт хамаарч байна.
Эх сурвалж:eagle.mn 2024.09.11
https://eagle.mn/r/130603