
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаан өчигдөр болж, тус хуралдаанаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн тусгай зөвшөөрөл авах санал дэмжигдлээ.
Хуралдаанд “Эрдэнэс ҮТП” ХХК болон Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийн товч танилцуулга, үйл ажиллагааны талаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Менежер Б.Мягмаржаргал мэдээлэл хийв.


Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийг Эрдэнэтийн-Овоо зэс, молибдены ордыг түшиглэн Зэс боловсруулах цогцолбор чиглэлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулахаар Эрдэнэс Монгол Нэгдэл дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан юм.


Эрдэнэт ҮТП-ийн бүтээн байгуулалт 2028 онд эхний үе шат нь дуусаж бүрэн ашиглалтад орох бөгөөд катодын зэс, ферромолибден үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөгдсөн. Үндсэн үйлдвэрүүд ашиглалтад орсноор жилдээ 1.3 тэрбум ам.долларын орлогыг олж 91.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана. Мөн нийт 1300 орчим ажлын байр бий болох бөгөөд эдгээр ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт хамаарч байна.