Төрөөс хариуцлагатай уул уурхайг дэмжиж, экспортын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэржилтийг кластераар хөгжүүлэхээр тавьж буй зорилтуудыг дэмжих, бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зорилгоор УИХ-ын гишүүд “Хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэрийн салбарын бодлогыг дэмжих” бүлэг байгуулан ажиллаж байна. 27 гишүүнтэй уг бүлгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж ажиллах юм.
УИХ дахь “Хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэрийн салбарын бодлогыг дэмжих” бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, “Эрдэнэс” Үйлдвэрлэл, технологийн парк, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтад “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Төслийн менежер Б.Мягмаржаргал, ҮТТХГ-ын менежер Г.Ганхуяг нар оролцож, 6 үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт, эдийн засгийн үр өгөөж, Монгол Улсын хөгжилд оруулах үр дүнгийн талаар УИХ-ын гишүүдэд танилцуулга хийж, цаашид хамтарч ажиллахаар болов.