Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай санал солилцох уулзалт хийлээ

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж аж үйлдвэр, уул уурхайн инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах, “Ирээдүйн инженер” хөтөлбөрийг  хамтран хэрэгжүүлэх  асуудлаар санал солилцов.  Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургууль нь уул уурхай, механик, эрчим хүч, мехатроник зэрэг инженер  мэргэжилтнүүдийг тэргүүлэх чиглэлийн 6 хөтөлбөрөөр  2013 оноос хойш бэлтгэж байгаа юм.  

“Эрдэнэс” үйлдвэрлэл, технологийн парк компани нь Монгол Улсын 6 байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийг удирдан хэрэгжүүлж буй бөгөөд уг паркууд ашиглалтад ороход 10 мянга гаруй шууд ажлын байр бий болж, паркуудад ажиллах нарийн мэргэжлийн 30 төрлийн 1546 инженер, техникийн мэргэжилтнүүд шаардлагатай гэсэн судалгааг гаргаад байна. 

Уулзалтаар уул уурхай, эрдэс баялгийн инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ирээдүйн инженер” хөтөлбөрийг цаашид хамтран хэрэгжүүлэхээр ярилцлаа.