БНХАУ сүүлийн 40 гаруй жилд аж үйлдвэржилтийн үсрэнгүй хөгжилд хүрсэн орон. Аж үйлдвэржилтийн бодлого нь тарифын зохицуулалт, татаасаас гадна дараах дэмжлэгүүд тусгалаа олжээ.
Үүнд: Хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөнүүдэд тодорхой дэмжлэгүүд тусгагддаг. Тарифын болон тарифын бус хоригуудаар гадаад өрсөлдөгчөөс дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалан төрийн хөнгөлөлттэй зээлээр дэмждэг.
Лицензийн системээр дамжуулан хөрөнгө оруулалтыг стратегийн чиглэлүүд рүү хуваарилдаг. БНХАУ-ын Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 4 ангилалд хувааж зорилтот салбартаа хуваарилдаг.

Төрийн зүгээс аж үйлдвэрийн жижиг, өрсөлдөх чадвар багатай үйлдвэрлэгчдийг хооронд нь нэгтгэх арга хэмжээг авч, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой корпорацуудыг үүсгэдэг.
Бүс нутаг, хотын онцлог, давуу талд тулгуурлан аж үйлдвэрийн кластеруудыг байгуулан ажиллуулдаг.
БНХАУ АҮ-ийн хөгжлийн эхэн үедээ хөгжингүй орнуудаас технологийг импортолж байсан бол өдгөө дотооддоо үйлдвэрлэж байна.


Аж үйлдвэрийн паркуудын хөрөнгө оруулалт
БНХАУ-ын аж үйлдвэрийн паркууд нь ихэвчлэн томоохон хотын гадна байрлаж, 25-100 га газрыг хамардаг бөгөөд зам гүүр, усан хангамжийн систем, бохир усны шугам, цахилгаан станц зэрэг дэд бүтэц бүхий мастер төлөвлөгөө нь бүрэн хийгдсэн цогцолбор байдлаар хөгжиж иржээ.
Паркууд дараах зарчмаар хөрөнгө оруулалт татаж, үйл ажиллагаа явуулдаг.
Тухайлбал; Хөрөнгө оруулж, бүтээн байгуулах
Хөрөнгө оруулалт татаж, үйл ажиллагаа явуулах
Тус улс хүнд үйлдвэрийг түшиглэсэн аж үйлдвэрийн паркийг олноор байгуулсан бөгөөд “1 хүнд үйлдвэр -1 аж үйлдвэрийн парк” гэсэн зарчмаар хөгжиж байна.


Паркуудад олгодог хөнгөлөлтүүд
Татварын хөнгөлөлтүүд:
Аж үйлдвэрийн паркуудад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-аас чөлөөлөх буюу хөнгөлөх, импортын зарим тоног төхөөрөмж, түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх зэрэг олон төрлийн татварын хөнгөлөлтүүдийг үзүүлдэг.
Татварын бус хөнгөлөлтүүд:
Татварын бус урамшуулалд газрын хөнгөлөлттэй түрээсийн нөхцөл, хялбаршуулсан захиргааны журам, санхүүжилт, татаас авах боломж, зам, инженерийн шугам сүлжээ, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн хангамж, түүнчлэн сургалт, судалгаа зэрэг дэмжлэг үзүүлэх үйлчилгээ багтдаг байна.