“ Эрдэнэс Монгол” нэгдэл 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо зэрэг зарим ордын нүүрсэнд гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тусгасан.
Уг ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл болон “Эрдэнэс ҮТП”, “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур” харьяа компаниудын мэргэжилтнүүд, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн, ШУТИС-ийн судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг, БНХАУ-ын төрийн өмчит үндэсний Химийн группийн охин компани болох Сэдин ( SEDIN ) инженеринг компанийн удирдлагууд, кокс, нүүрс-химийн инженер мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.


Уулзалтаар Сэдин инженеринг компанитай нүүрс боловсруулах технологи болон нүүрснээс гарган авах төрөл бүрийн химийн бүтээгдэхүүн тэр дундаа уул уурхайн тэсэлгээний бодисын үндсэн түүхий эд үйлдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов.
Сэдин инженеринг компани нь Шаньси мужийн Тай Юань хотод байрладаг бөгөөд Хятадын нүүрс хийжүүлэх үйлдвэрийн 85-90%, нүүрснээс аммонийн нитрат үйлдвэрлэх үйлдвэрийн 95%-ийг барьж байгуулсан олон жилийн туршлагатай олон улсад тэргүүлэгч компани юм.