
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн 9 дүгээрт “Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор”-ыг ашиглалтад оруулахаар тусгасан.
Эрдэнэс Монгол нэгдлийн 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд 6 байршилд төрийн өмчийн орд газрыг түшиглэн нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар тусгасан бөгөөд түүний нэг болох нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулагдах “Нүүрс-химийн цогцолбор”-ын хоёр байршлын нийт 636.24 га газрыг Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд авлаа.
“Нүүрс-химийн цогцолбор”-ын газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаар газрын асуудлыг шийдвэрлэх мөн төрийн өмчийн ордуудын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар улс орны нийгэм эдийн засагт өгөөж бий болгох стратегийн ач холбогдолтой юм.