Дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны хамгийн том цугларалт Канадын Торонто хотноо 93 дахь удаагаа 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд боллоо.


Монгол Улсын хувьд 28 дахь жилдээ PDAC чуулганд оролцож байна. Чуулга уулзалтын үеэр “Монголын өдөр” арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж, ирээдүйтэй төсөл, хөтөлбөрийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
PDAC-2025 чуулганд Эрдэнэс Монгол нэгдэл, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Оюу толгой”, “Эрдэнэс ҮТП”, “Эрдэнэ Монгол”, Халзан бүрэгтэй төсөл, Степ голд, Бадрах Энержи зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү олон улсын арга хэмжээг Канадын хайгуулч, олборлогчдын холбоо жил бүр зохион байгуулдаг. Уул уурхайн салбарынхны анхаарлын төвд байж ирсэн PDAC чуулга уулзалт


1932 оноос эхлэн зохион байгуулагдаж, боловсролын хөтөлбөр, бизнесийн боломж, сонирхолтой үйл ажиллагаануудаараа 135 гаруй орны 27,000 оролцогчийг нэг дор цуглуулдаг байна.
Энэ жилийн хувьд 1100 гаруй уул уурхайн компани, салбарын төлөөлөл оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо.Газрын ховор элемент, критикал минерал хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээрээ байна.