БНСУ-ын хөгжлийн хүрээлэнгийн төслийн судлаачдын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эрдэнэс ҮТП-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр БНСУ-ын хөгжлийн хүрээлэнгийн судлаачдын багийн хэрэгжүүлж буй Мэдлэг хуваалцах хөтөлбөрийн мэдээлэлтэй танилцлаа. БНСУ-ын хөгжлийн агентлаг (KDI) болон Солонгосын жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн агентлагийн судалгааны багийн гишүүдийг хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр талууд Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги (хүнд үйлдвэрт чиглэх) төсөлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн зүгээс төлөвлөж буй 6 ҮТП-ийн талаар танилцуулж, хөрөнгө оруулалтын боломж, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Солонгосын хөгжлийн хүрээлэнтэй 2022 оны 08 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж, “Монгол улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги /хүнд үйлдвэрт анхаарах нь/” сэдвийн хүрээнд мэдлэг хуваалцах хөтөлбөрөөр дамжуулан зөвлөгөө авч хамтран ажиллаж байгаа юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нь хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд түнш орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх бодлогын хамтарсан судалгааг хийх, хөгжлийн талаар зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэх үүднээс “Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KSP)” буюу өөрийн улсын хөгжлийн туршлагаас хуваалцах хөтөлбөрийг 2004 оноос эхлэн Солонгосын хөгжлийн хүрээлэн (Korea Development Institute) хариуцан хэрэгжүүлдэг байна. Манай улс 2010 оноос уг хөтөлбөрт хамрагдаж бодлогын зөвлөгөө авч байгаа юм.

Цаашид Мэдлэг хуваалцах хөтөлбөр төслийн хүрээнд БНСУ-ын үйлдвэр, технологийн салбарт хэрэгжүүлсэн туршлага, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаар туршлага солилцохоор болов.

#ЭРДЭНЭС_ҮЙЛДВЭРЛЭЛ_ТЕХНОЛОГИЙН_ПАРК_ХХК

#Олборлолтоос_боловсруулалт_руу