“Кокс-Эрчим хүч, Кокс-Хими”-ийн цогцолбор төслийн хүрээнд Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзав

Тавантолгой ҮТП”-ийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн байгуулахаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратегид тусгасан бөгөөд уг төслийг “Эрдэнэс ҮТП” ХХК хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төслийн менежер Б.Мягмаржаргалаар ахлуулсан баг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Цогтцэций сумын Засаг дарга Д.Баттүвшин болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн зүгээс “Кокс-Эрчим хүч”, Кокс-Хими”-ийн үйлдвэр болон дагаж хөгжих үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөж, ажиллах хүний нөөцийн бодлогын дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл өгөв.

Уулзалтаар “Тавантолгой ҮТП”-д байгуулагдах “Кокс-Эрчим хүч”, Кокс-Хими”-ийн цогцолбор төслийн паркийн зориулалт бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлаар мэдээлэл солилцов.

Өмнөговь аймгийн удирдлагуудын зүгээс “Тавантолгой ҮТП” төслийн хүрээнд баригдах үйлдвэрүүдийн төлөвлөлтийг хийхэд дэмжин ажиллахаа илэрхийлж, Талууд хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар боллоо. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран төрийн албан хаагчид, иргэдийг мэдээллээр хангах зорилгоор Нээлттэй хаалганы өдөрлөгийг ирэх сард зохион байгуулж, Цогтцэций сумын ЕБС-ийн сурагчдыг “Be Engineer” төсөлд хамруулах цогц хөтөлбөрийг талууд зохион байгуулахаар боллоо.