ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИУДТАЙ УУЛЗАЖ, ТУРШЛАГА СУДЛАВ

“Эрдэнэс Монгол нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Тухайлбал, Ansteel Group Engineering Technology компани нь БНХАУ-ын анхны аж ахуйн нэгжийн зураг төслийн хүрээлэнгийн чиглэлээр 1955 онд байгуулагдаж байжээ. 2022 онд үйл ажиллагааны орлого нь 4 тэрбум юанийг давж, ашиг нь 160 сая юаньд хүрсэн байна. Тус компани нь инженерчлэлийн чиглэлээр олон талт үйл ажиллагааг явуулдаг бөгөөд орчин үеийн гангийн цогцолборуудын нэгдсэн зураг төсөл, барилгын чиглэлээр мэргэшсэн юм. Үйлдвэрлэлийн шугам буюу хөрвүүлэгч, тасралтгүй цутгах, халуун/хүйтэн цувих, нөөц ашиглалт буюу металлургийн шаар боловсруулах, дахин боловсруулах дэвшилтэт технологитой.

Мөн “Shenkan Qinhuangdao General engineering design and research institute corporation, MCC” компани нь China Minmetals группийн 100 хувийн охин компани бөгөөд инженерийн бүтээн байгуулалтын төслүүдийг иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн томоохон гүйцэтгэгч юм.

Харин Жяньлун /Jianlong/ групп БНХАУ-ын хувийн хэвшлийн гангийн хамгийн том аж ахуйн нэгж бөгөөд дэлхийн гангийн салбарын топ 10 аж ахуйн нэгжид багтдаг. Жилд 42 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, үйл ажиллагааны орлого нь 241 тэрбум юань, 14 охин компанитай, группийн хэмжээнд нийт 60 мянган ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна.