“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН НЭГДСЭН ERP СИСТЕМИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төслийн менежер Б.Мягмаржаргал, Санхүү, захиргаа удирдлагын газрын менежер Б.Жигжид холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 22-24-нд Орхон аймгийн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдсэн ERP системийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлттэй танилцлаа.

Монгол Улсын 6 байршилд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийг “Эрдэнэс ҮТП” ХХК удирдлага, менежментээр ханган ажиллаж байгаа бөгөөд дээрх 6 парк байгуулагдсанаар орон нутагт нийт 10 мянга гаруй ажлын бий шинээр бий болох юм. Энэ хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК нь Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж ҮТП-уудын хүний нөөцийг цогцоор төлөвлөн, үйл ажиллагааг удирдах зорилгоор “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлэн хөгжүүлж буй нэгдсэн ERP системийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлттэй танилцан, туршлага судаллаа.

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Бодлогын газрын дарга Б.Пүрэв, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүх, албаны дарга М.Мөнхбаатар, Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд болон холбогдох мэргэжилтнүүд тус үйлдвэрийн ERP нэгдсэн системийг 2022 оноос хойш хөгжүүлэн, богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа талаараа дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, тус үйлдвэрийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт нь нэгдсэн ERP системд шилжсэнээр хүний нөөцийн нэгдсэн сан, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын нөхцөлийг сайжруулж, цахим хүний нөөцийн үйлчилгээ нэвтэрч, хялбар, хүртээмжтэй, ажилтан бүр ашиглах боломж бий болжээ.

Мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь хүний нөөцийн менежментийн олон улсын ISO 30400 багц стандартыг 2021 оноос нэвтрүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, үнэлэх, шагнаж урамшуулах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргээр өндөр чадамжтай ажилтнуудыг бүрдүүлэн, оновчтой байршуулж, тогтвортой хөгжлийг хангах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэн ажиллаж байна.