Энэ сарын 28-ны өдөр Булган аймагт болсон Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас 190 гаруй санал, зөвлөмж гарсан. Тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгуудын удирдлага, иргэд олон нийтээс дэвшүүлсэн саналыг нэгтгэснээс “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” зэрэг тогтоолыг Засгийн газрын 30-ны өдрийн хуралдаанаар баталсан байна.

Тус тогтоолуудын хүрээнд:
-“Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийг гарааны бизнесийг дэмжих төв болгон Хойд бүсийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлнэ.
-Хойд бүсийн “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд байгуулна.
-Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Орхон, Хөвсгөл, Булган аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг байгалийн аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр төрөлжүүлж, дэд бүтцийн төслийн хүний нөөцийг богино хугацаанд бэлтгэх, давтан сургах чиглэлээр Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн дэргэд салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ” зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.