“ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.МӨНХ-ИДЭР

БНХАУ, Хэбэй их сургуулийг “Үйлдвэрлэлийн удирдлага”-аар бакалавр, Жэжяний их сургуульд “Чөлөөт бүсийн эдийн засаг” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
Монголд аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого анх удаа Ардын хувьсгалын дараа яригдаж эхэлсэн бөгөөд 1924 онд анхны зорилтот төлөвлөгөөг баталж, ноос угаах, арьс шир боловсруулах, цахилгаан станц, гурилын үйлдвэр зэрэг анхны үйлдвэрүүдийг байгуулжээ. Уул уурхайн хувьд 1934 онд “Монголор”-ын алтны уурхай, 1938 онд Налайхын нүүрсний уурхайг ашиглалтад оруулж хүнд аж үйлдвэрийн эхлэлийг тавьж, үндсэндээ бид өнөөдрийг хүртэл 100 хүрэхгүй жилийн аж үйлдвэржилтийн түүхийг туулжээ.
Энэ түүхийн эхний 30 жил нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүчний үйдвэрлэл хөгжсөн он жилүүд байв. Дараагийн 30 жилд нь ЗХУ болон социалист орнуудын тусламжтайгаар Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг уул уурхайд түшиглэсэн анхны кластер хэлбэрээр хөгжүүлсэн аж үйлдвэрийн төвүүд бий болсон. Харин сүүлийн 30 гаруй жилийн түүхийн хамгийн гол хуудас нь Оюутолгойн ордыг түшиглэсэн бүтээн байгуулалт байсан бөгөөд жижиг, дунд хэмжээний жонш, цайр, мөнгө, нүүрс, төмөр, алтны баяжуулах, катодын зэс, төмрийн хорголжийн зэрэг 70 орчим үйлдвэр ашиглалтад орж, түүнээс 30-40 орчим хувь нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж, үлдсэн нь зогсонги байдалд орсон байна. Чухам юуны учир 70 гаруй хувь нь үйл ажиллагаа нь доголдсон талаар дараа өгүүлэх болно. Энэ бол монголчууд бидний бүтээсэн аж үйлдвэржилтийн товчхон түүх.
Хэн нь илүү олборлож байгаа нь бус, хэн нь илүү боловсруулж байгаа нь баялгийн үр өгөөжийг илүү хүртэх “дүрэм”
Одоо эдийн засгийн хөгжлийн түүхээ сүүлийн 30 жилээр нь харцгаая. Нэг хүнд ногдох ДНБ 1990-2005 он хүртэл үндсэндээ 600-900 ам.долларт хэлбэлзэж, өсөлт удаашралтай байсан нь зах зээлийн эдийн засгийн шилжилт болон эдийн засгийн бүтэц хэт нэг талтай байсантай холбоотой. 2004 онд Бороогийн алтны уурхай Канадын хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж, алт болон зэсийн үнэ 2005-2010 онуудад өссөн зэргээс шалтгаалж Монгол Улсын экспортын орлого огцом өсөж, эдийн засаг жилд дунджаар 7-9% өсөлттэй, ядуурлын түвшин ч буурч эхэлжээ. Энэ үед Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн орлогын тал хувийг дангаар бүрдүүлж байв. Харин 2010-2013 онд Оюутолгой төсөл ашиглалтад орсноос гадна түүхий эдийн үнийн супер цикл тохиож Монголын эдийн засгийн өсөлт 17%-д хүрч байлаа. Харин 2013 оноос дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнэ буурч, 2020 он хүртэл эдийн засгийн өсөлт огцом саарч, нэг хүнд ногдох ДНБ энэ хугацаанд ердөө 100 гаруйхан ам.доллараар нэмэгджээ. Ковидын үеэс эхлэн зэсийн үнэ 10 мянган ам.долларт хүрч, нүүрсний үнэ түүхэн дээд түвшинд хүрснээр эдийн засаг сүүлийн гурван жил тогтмол тэлж, нэг хүнд ногдох ДНБ 1000 орчим ам.доллараар өссөн. Гэвч 2024 оны дундаас БНХАУ-ын ган, коксын үйлдвэрлэлтэй холбоотой коксжих нүүрсний үнэ 60 орчим хувиар унасан нь манай улсын төсвийн орлогод шууд нөлөөлж, эдийн засгийг эрсдэлт нөхцөлд оруулав. Энэ бол бидний сүүлийн 30 жилийн эдийн засгийн тойм түүх.
Дээрхийг товчилбол, бид сүүлийн 30 жил аж үйлдвэрийн кластер хөгжлийг бий болгож чадаагүй, эдийн засаг маань уул уурхайгаас өндөр хамааралтай, олон улсын түүхий эдийн үнийн савлагаанд хэт мэдрэг, эмзэг болжээ. Гадаа хүйтрэх төдийд ханиад хүрч, эмчилгээнд орж сандаргадаг “дархлаагүй” байдалтай байна. Улс орны дархлаа бол эдийн засгийн тогтвортой байдал. Бидний хувьд уул уурхайн салбараа олон улсын “Халуурал, хүйтрэл”-д хэт хамааралтай байдлаас гаргаж, нэмүү өртөг, технологи шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь дархлааг дэмжих үндсэн арга зам. Сүүлийн таван жилд олон улсад ган бэлдэцийн үнэ 24.7%-иар хэлбэлзсэн бол төмрийн хүдэр 75.2%, коксжих нүүрс 82.4% хувиар савлажээ. Өөрөөр хэлбэл түүхий эд-эрсдэл өндөртэй, бүтээгдэхүүн – эрсдэл багатай. Учир нь бүтээгдэхүүний нэмүү өртгийн эдийн засгийн орон зай нь харьцангуй тогтвортой.
Бид Эрдэнэтийн уурхайн овоолгоос уусган баяжуулж жилдээ 15000 орчим тонн катодын зэс, 3 сая тонн орчим шохойн чулуунаас цемент үйлдвэрлэж, 10 орчим сая тонн нүүрсээ эрчим хүч болгохоос өөрөөр ашигт малтмалыг баяжуулалтаас цааш боловсруулдаггүй. Монгол Улсын нийт экспортын 98.2% нь SITC 0-4 ангиллын буюу анхан шатны боловсруулаагүй бүтээгдэхүүн, түүн дотроо уул уурхайн бүтээгдэхүүн 99% хувийг нь эзэлж байгаа нь манай эдийн засгийн нэг салбараас хамааралтай, хэт эмзэг байдлыг харуулна.
Асуудал болон шалтгаан нь ийм тодорхой. Харин боломж буюу бидний давуу тал нөөц юу билээ? Тэдгээр нөөцийг хамгийн бага өртгөөр нийгэм, байгаль орчин, эдийн засагт хамгийн өндөр үр ашигтайгаар хэрхэн ашиглах вэ? Энэ асуултуудын хариулт бол “Кластер хөгжил” буюу харилцан уялдаатай, харилцан дэмжлэг бүхий нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгож, тойрог эдийн засгийн (circular economy) тогтолцоог бүрдүүлэх явдал. Олборлоод шууд экспортлох бус, нөөцийн тодорхой хувийг боловсруулах замаар эдийн засгийн төрөлжилт, тогтворжилт бий болгоно гэсэн үг.
Хүнд аж үйлдвэрийг зохистой хөгжүүлснээр дараах 5 гол эерэг үр дүнг улс оронд авчирдаг талаар Erik S.Reinert – “How Rich Countries Got Rich…and Why Poor Countries Star Poor” номонд өгүүлсэн байдаг:
1 – Эдийн засгийн бүтэц төрөлжиж, чанар сайжирна
2 – Мэргэшсэн ажлын байр нэмэгдэнэ
3 – Экспортын орлого, татварын орлого нэмэгдэнэ
4 – Технологи, инновац хөгжинө,
5 – Гадаад сөрөг шокод тэсвэртэй болно.
Эдгээр нөхцөлүүд бүрдсэнээр улс орон баян чинээлэг болдог талаар түүхэн өнцгөөс нь авч үзжээ. Олон улсад ашигт малтмалыг боловсруулалтын 5 түвшинд авч үзэж байна. Олборлолт, баяжуулалт (жоншны баяжмал, CaF2) → Аж үйлдвэрийн үндсэн түүхий эд үйлдвэрлэл (фторт устөрөгч, HF) → Аж үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (литийн гексафторфосфат, LiPF₆) → Хэрэглээний бараа (литийн батерей) → Шинэ материал (лити-сульфур Li-S батерей).
Дээрх түвшнүүд дэх бүтээгдэхүүний үнэ цэнийн өсөлт хэдэн арваас хэдэн саяар нэмэгдэж, тэр хэрээр баялгийн жинхэнэ үр өгөөжийг хэн хүртэх вэ гэдгийг тодорхой болгодог. Хэн нь илүү олборлож байгаа нь бус, хэн нь илүү боловсруулж байгаа нь баялгийн үр өгөөжийг илүү хүртдэг. Дэлхийн эрдэс баялгийн тоглоомын дүрэм нь энэ л юм.

Монгол Улс өнөөдрийн байдлаар 2-р түвшин болох аж үйлдвэрийн үндсэн түүхий эдээ үйлдвэрлэхээр зорьж байна. Урд хөршийн зүүн бүс нутагт ашигт малтмалын боловсруулалт нь 1930 оны үед 2-р түвшин, 1960-аад онд 3-р түвшин, 2000 оны үед 4-р түвшин, 2010 оноос 5-р түвшинд хүрчээ. Харин ӨМӨЗО нь 4-р түвшинд 2020 оноос хүрсэн байна. Сая дурдсан тус орны зүүн бүсийн мужуудын нэг хүнд ногдох ДНБ ойролцоогоор 25,000 ам.доллар, ӨМӨЗО-ны хувьд 12,000 ам.доллар, Монгол Улс 6,000 орчим ам.долларт байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжил нь аж үйлдвэржсэн байдлаас шууд хамаарч байгааг харж болно.
Бид урагш хөгжихдөө өмнөхөө болон өнөөдрөө харж, нөхцөл байдлаа бодитоор тодорхойлох нь нэн чухал. Нийтлэлийн эхэнд дурдсан сүүлийн 30 жилд баригдсан 70 гаруй баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийн 70 орчим хувь нь үйл ажиллагаа доголдсоны онош нь юу вэ. Тэдгээр үйлдвэрүүд анхнаасаа түүхий эд, хүний нөөц, технологи, зах зээлээ судлан хөрөнгө оруулалт хийгдсэн нь ойлгомжтой. Өнгөрсөн хугацаанд эдгээр үйлдвэрүүдийн эзэдтэй уулзаж, шалтгааныг тодруулахад БНХАУ-ын хил дагуух үйлдвэрүүдтэй өрсөлдөх боломжгүй болсон гэдгийг хэлж байлаа. 2019 оноос АМНАТ-ыг боловсруулсан бүтээгдэхүүнд олон улсын үнээс тооцож өндөр ногдуулдаг болсон нь үндсэндээ ихэнх баяжуулах үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргэв.
Өрсөлдөх чадамж буюу зах зээлд оршин тогтнох, цаашид хөгжих чадвар нь бизнесийн суурь нөхцөл
Тухайлбал Дархан уул аймагт үйл ажиллагаа явуулж байсан төмрийн хорголжийн үйлдвэрүүд, ширэмний төслүүд зогсжээ. Олон улсад АМНАТ буюу royalty-ыг газрын хэвлийгээс олборлож гаргасан хүдэрт ногдуулж авдаг болохоос манайх шиг бүтээгдэхүүн болгоход зарцуулсан цалин, цахилгаан, сэлбэг материал, тээвэр, татваруудаас нь буюу нэмүү өртгөөс авдаггүй. Энэ нь эргээд ашигт малтмалыг шууд түүхийгээр нь экспортолж, хилийн чанадад боловсруулах нь бизнесийн талаасаа илүү ашигтай нөхцөлийг бий болгожээ. Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд уул уурхайн салбарын хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тариф 54%-иар өсжээ. Тухайлбал 2021 онд 1 кВт.ц дундаж үнэ 223 төгрөг байсан бол 2022 онд 342 төгрөг болсон байна (ӨМӨЗО-нд 205 төгрөг). Эрчим хүчний өртөг баяжуулах үйлдвэрт 20-30 орчим хувийг, металлурги-хайлшны үйлдвэрт 60-70 орчим хувийг эзэлдэг гол зардлуудын нэг. Ийм богино хугацаанд гол өртөг дахинаар өсөх нь үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сулруулах нь гарцаагүй. Өрсөлдөх чадвар буюу зах зээлд оршин тогтнох, цаашид хөгжих боломж бол бизнесийн суурь нөхцөл. Хөрөнгө оруулагч хаана үйлдвэр барих нь илүү давуу талтай талаар өрсөлдөх чадварт үндэслэж прагматик хандах нь ойлгомжтой. Тэгэхээр боловсруулах үйлдвэрийн макро орчныг урд хөрштэй харьцуулж, өөрсдийн сул талуудаа засах замаар эрсдэлийг бууруулж, боломжуудаа бодит давуу тал болгох тал дээр төр захиргааны зүгээс анхаарч, судалгаанд үндэслэж ажиллах нь чухал.
Энэ талаар зарим нэг харьцуулалтыг маш товчхон дурдъя. Урд хөршид, хувийн хөрөнгө оруулалтаар баяжуулах үйлдвэр байгуулахад орон нутгийн үйлдвэр-мэдээллийн газарт verification/record-filling буюу чеклист бөглөж, бүртгэл хийлгээд болох бол манайд ТЭЗҮ-г тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр нэгдсэн стандартын дагуу боловсруулж, тухайн салбарын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах процесыг дамждаг. Мөн Хятадад барилгын ажил эхлүүлэхэд инженерийн нарийвчилсан зураг төсөл (construction drawing) -ийг чадварын зэрэглэл бүхий байгууллага гүйцэтгэж, өөрсдөө баталгаажуулсан бол орон нутгаас барилгын зөвшөөрлийг шууд олгодог зохицуулалттай. Энэ мэтчилэн, бүтээн байгуулалтын өмнөх үе шатыг манай улстай харьцуулахад харьцангуй хөнгөвчилсөн, төвлөрсөн тогтолцоогүй, хурдан хугацаанд төсөл хэрэгжих боломжуудыг бүрдүүлжээ. Манай улсад паркийн нэгж нь хуульд заасан холбогдох хөнгөлөлтөө эдлэхийн тулд хөрөнгө оруулалт нь заавал 20 тэрбум төгрөгөөс дээш байх шаардлагатай бөгөөд 24 төрлийн баримт бичиг бүрдүүлж, тухайн аж ахуйн нэгжийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэн шийдвэрлүүлэх бөгөөд АҮЭБЯ, Сангийн яамтай гурвалсан гэрээ байгуулах зэрэг хэт нүсэр шат дарааллыг туулах ёстой болдог. Харин өмнөд хөршид нэгэнтээ улсын зэрэглэлийн паркад үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулж газраа эзэмшсэн бол паркийн нэгжийн гэрчилгээ авч түүнийгээ татварын газар бүтгүүлснээр хөнгөлөлт, чөлөөлөлтөө эдлэх боломж шууд бүрддэг байна. Түүнчлэн, манай улс баяжуулах, боловсруулах үйлдвэрт ашиглагддаг дийлэнх урвалж бодис, сэлбэг хэрэгсэл, түргэн элэгдэх бараа материалыг өөрсдөө үйлдвэрлэдэггүй учир ижил төстэй үйлдвэртэй харьцуулахад “ТЭЭВЭР+ГААЛЬ+НӨАТ+ЦАГ ХУГАЦАА” гэсэн зардлуудыг илүү гаргаж, үйлдвэрлэлийн өртөгт нөлөөлдөг. Мөн үйлдвэрийн бүтээн байгуулалт нь гааль, тээвэр, улирлын нөхцөлөөс хамаарч хугацааны хувьд ч, өртгийн хувьд ч өмнөд хөршөөс даруй 30%-50%-иар илүү байгаа нь хөрөнгө оруулалтын хэмжээг тэр хэрээр өсгөдөг. Энэ мэт өртөг зардал өндөр байх сул талаас гадна хууль эрх зүйн хувьд засаж сайжруулах шаардлагатай асуудлууд бий. Тухайлбал, дотоодын нэлээдгүй баяжуулах үйлдвэрүүд, кокс-эрчим хүчний болон ширэмний үйлдвэрүүд Биржийн тухай хуулиас шалтгаалан түүхий эдээ хэрхэн тогтвортой хангах талаар одоо ч тодорхойгүй байдалтай байсаар… Уг хуульд уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн хил нөхцөлөөр үнэ тогтоож борлуулах тухай заасан нь төрийн өмчийн орд газраас дотоодын үйлдвэрлэгч нар түүхий эдээ авах боломжийг хязгаарлажээ.
Үүрээ цаг алдалгүй баривал, шувуу хурдан ирнэ …
Харвардын их сургуулийн профессор Micheal Porter-ийн “Үндэстний өрсөлдөх чадамж” номонд улс орон аж үйлдвэрээ хөгжүүлэх нь энэ тэргүүний зорилт бөгөөд бусад улсуудтай харьцуулсан сул талуудаа эрх зүйн тусгай дэмжлэг олгох байдлаар “Шувууны үүр”-үүдийг бий болгох ёстой гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, зөөлөн дэд бүтэц (татварын болон татварын бус тусгай нөхцөл, эрх зүйн дэмжлэг, зөвшөөрлийн ногоон гэрлийн журам гэх мэт) ба хатуу дэд бүтэц (төмөр зам, авто зам, ус дулаан, ариутгал татуурга, мэдээлэл холбоо, цахилгаан хангамж гэх мэт) гэсэн хоёр нөхцөлийг бүрдүүлсэн “Бизнесийн таатай орчин”-г бүрдүүлэх нь аж үйлдвэрийг хөгжүүлэх, эдийн засгийг тэлэх, тогтворжуулах гол арга зам юм.

2022 онд “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль” батлагдаж Монгол Улс “Шувууны үүр”-тэй болох бодит эхлэл тавигдсан билээ. Энэ хууль манай улсад аж үйлдвэр хөгжих боломжийг шинээр нээж өгсөн бөгөөд өдгөө төр, хувийн олон арван паркууд “Үүр”-ээ барьж байна. Гэвч хуулийг хөрсөнд нь буулгах дүрэм журмуудыг шинээр батлах, сайжруулах, дагалдах хууль эрх зүйд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Дээрх нийтлэлд дурдсан сул талуудыг одоо хэрэгжиж буй паркийн хуулийн хүчээр холбогдох татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг сайжруулж, аж үйлдвэрийн инкубаторуудыг бодитоор бий болгосноор хувийн хэвшлүүд, бизнес эрхлэгч нар зах зээлийн жам ёсоор үүрэндээ өндгөө дарж, өсөж үржих нь гарцаагүй билээ. Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн паркийн судлаачид энэ талаар нарийвчлан судалгаа хийсэн бөгөөд хөгжингүй орнуудын өнөөдрийн туршлагыг нэвтрүүлэх гэхээсээ илүү тэдний хүнд аж үйлдвэрийг анх хөгжүүлж байсан үеийн туршлага, бодлого, эрх зүйн орчныг судалж, нэвтрүүлэх нь нэн чухал юм гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тухайлбал БНСУ-ын 1960-1980 онд хэрэгжүүлсэн “Хүнд ба химийн үйлдвэрийн 4 удаагийн 5 жилийн төлөвлөгөө”, БНХАУ-ын 1980-2000 онд хэрэгжүүлсэн “Аж үйлдвэрийн шинэчлэлт ба нээлт” бодлого зэргийг судалж, тухайн үеийн тэдний нэн таатай бодлогоор өнөөдөр бид хөрөнгө оруулалтын татах хүчийг бий болгож, тэдэнтэй өрсөлдөх нь зүйтэй. Хамгийн үнэтэй өртөг бол цаг хугацаа. Товчхондоо, “Үүрээ барихад цаг алдах хэрэггүй, шувуу ирэх нь л чухал” байна.
“ERDENES INDUSTRY” сэтгүүлийн дараагийн дугааруудаар олон улсад “Шувууны үүр” хэрхэн байгуулж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн талаар туршлагуудыг хуваалцах бөгөөд манай нөхцөлд тохирсон ямар хөнгөлөлттэй, дэмжлэг бүхий орчин байж болох талаар судалгааны дүгнэлтийг танилцуулах болно.
