Монгол Үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгдсэн холбооны тэргүүн Р.Батгэрэл

Аж үйлдвэрлэл бол нийгмийн хөгжлийн бодит салбар бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд голлох байр суурийг эзэлнэ. Аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр улс орон эдийн засгийн хувьд бие даасан байдлаа хангаж чадахгүй. Социализмын үед манай улс аж үйлдвэрийг хөгжүүлэх суурийг сайн тавьж байсныг бид мэднэ. Жишээ нь, Аж үйлдвэрийн комбинат, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Дархан нэхий, Гутлын үйлдвэр, Арьс ширний үйлдвэр, Говь комбинат гэх зэрэг. Мөн уул уурхай дагасан томоохон хот суурин газрууд бий болж байсан. Гэтэл өнөөдөр бид  уул уурхайн төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байгаа ч аж үйлдвэрлэл буюу боловсруулах үйлдвэрлэл рүү дорвитой орж чадахгүй байна. Өнөөгийн бидний гол зорилго бол олборлолтын шатнаас боловсруулах шат руу орох, ингэхдээ энд тэнд ганц нэгээр нь үйлдвэр байгуулах биш, цогцоор нь, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ үүсгэж хөгжүүлэх, байгаль орчинд халгүй техник технологийн дэвшилд тулгуурлан хөгжүүлэх нь чухал байна. Дэлхий нийт Үйлдвэрлэл технологийн парк хэлбэрээр аж үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Бид тэхээр, ҮТП-ийн концепцийг бүрэн ойлгож, хэрэгжүүлэх нь чухал байна. Үйлдвэрлэлийн гинжин хэлхээ талаасаа ч тэр, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ талаасаа ч тэр, байгалийн засаглал талаасаа ч тэр, хүний хөгжил талаасаа ч тэр Үйлдвэрлэл технологийн парк хэмээх энэ систем маш чухал. Ерөөсөө өнөөгийн түвшинд “Аж үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт бол Үйлдвэрлэл, технологийн паркийн бүтцээр боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал” гэж ойлгож болно. 

Үйлдвэрлэл, технологийн парк бол цогц систем. Үйлдвэрлэл, технологийн парк нь татвар, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн, иж бүрэн инженерийн дэд бүтэц бүхий тусгайлсан нутаг дэвсгэр дэх үйлдвэрлэлийн платформ, орчин үеийн хот төлөвлөлт юм. Товчхондоо, эрдэс баялгийн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, хүний хөгжил, байгаль орчны засаглалыг агуулсан амьд систем юм.  

ҮТП-ийг үндсэн 4 хэсэгт төлөвлөдөг.

1-рт байршил, чиглэлийг агуулсан хэтийн зорилго төлөвлөлт (ерөнхий төлөвлөгөө)

2-рт инженерийн дотоод 7 дэд бүтцийг агуулсан төлөвлөлт (авто болон төмөр зам, цэвэр бохир ус, эрчим хүч, харилцаа холбоо, дулаан)

3-рт нийгмийн дэд бүтцийн төлөвлөлт (үйлдвэрлэлийн барилга байгууламж болон банк, санхүү, сургууль цэцэрлэг, орон сууц гэх мэт)

4-рт ҮТП-д үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлт зэргийг багтаах ёстой.  Өөрөөр хэлбэл, хэдэн үйлдвэр нийлүүлээд барьчихаар ҮТП болчихдог юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. 

Мөн төлөвлөлт нь нөөцийн стратеги, үйлдвэрлэлийн стратеги, зах зээлийн стратегийг холбох буюу  эрдэс баялгийн нөөцөөс боловсруулах үйлдвэрлэл болон зах зээл рүү шилжсэн цогц төлөвлөлт байх шаардлагатай.  

Манай улсын хувьд  Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг анх 2009 онд батлан хэрэгжүүлж, шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан хэдий ч өнөөг хүртэл бүрэн утгаараа ҮТП байгуулагдаж чадаагүй байна.  Иймд ҮТП-ийг зөв төлөвлөж байгуулах, хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах, нөгөө талаас зөв, цогц төлөвлөлтийг онол арга зүй, сайн туршлагад тулгуурлан хийх нь чухал байна.