УИХ-ын гишүүн Б.Уянга

  • Одоогийн байдлаар ҮТП-д орж ажиллах ААН-үүдэд түүхий эдээ тогтвортойгоор авч байх нөхцөлийг зааж өгсөн хуулийн заалт байгаа юу?
  • 2022 онд шинэчлэн найруулагдсан, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”-д туссан зохицуулалтаас үзвэл 16.1.5, 16.1.9 гэсэн хоёр заалтыг онцолж болно.  ҮТП-д орж ажиллах ААН-үүдэд түүхий эдээ тогтвортой авах нь хамгийн чухал. 16.1.5-д Гаалийн баталгаат үйлдвэр байгуулах тухайд “байгуулна” гэж зааснаас өөрөөр хэрхэн байгуулах, ямар хөнгөлөлт дэмжлэг эдлэх талаар зохицуулалт байхгүй нь уг заалтыг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй, тодорхой бус агуулгатай байгаа. Мөн 16.1.9-д хөрөнгө оруулалтад “тогтворжуулах” тухай тусгана гэж заасан боловч хэр хэмжээ болон хугацаатай байх вэ зэрэг нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй байгаа юм.
  • Энэ талаар эрх зүйн орчны хүрээнд ямар шинэчлэл хийгдэж ямар нөхцөлүүд тусгагдаж, ямар боломжийг бий болгох хэрэгтэй вэ?
  • Цаашид ААН-үүдийг ҮТП-д татан төвлөрүүлэхийн тулд “Чөлөөт бүсийн тухай”, “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг тус тус шинэчлэн боловсруулагдаж буй Татварын багц хуультай уялдуулах шаардлагатай байгаа. Мөн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16-р зүйлд заасан төрөөс үзүүлэх дэмжлэг хэсэг дэх заалт бүрийг тодорхой болгох, ААН-үүдийг төвлөрүүлэхэд аль болох төвөг багатай, бичиг баримтын шаардлагыг хөнгөвчилсөн байдлаар тусгахаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
  • Ашигт малтмал худалдан авах, боловсруулахад эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх гэдэгт ямар үйл явц явагдах, ямар нөхцөлийг хуульчилдаг вэ, хуульчилдаггүй зах зээлийнхээ зарчмаар явдаг нөхцөл гэдэгт юуг ойлгож болох вэ?
  • Олон улс дахь нийтлэг жишиг нь ашигт малтмал олборлож, худалдаалахад боловсруулах үе шатыг буюу нэмүү өртөг шингээж байж зах зээлд борлуулах үйл ажиллагааг дэмждэг төрийн бодлоготой байх явдал байдаг. Монгол Улс энэ жишгийг дагаж урт хугацааны бодлого болох “Алсын Хараа 2050”-д Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн 2-р үе шат болох 2031-2040 онд “Боловсруулах салбар давамгайлсан эдийн засгийн бүтцийг бүрдүүлж, хүнсний аюулгүй байдал хангагдсан байна” гэж тодорхойлолт тусгасан.

Бид бодлогоо тодорхойлсон гэж үзвэл одоо хэрхэн хууль, эрх зүйн орчиндоо оновчтой тусгах тал дээр идэвхтэй ажиллаж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Боловсруулах салбарыг хөгжүүлэхийн тулд түүхий эдийн олдоцыг нэмэгдүүлэх, үйлдвэр барихад төрөөс дэмжлэг үзүүлэх, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, гаалиар хил нэвтрүүлэхэд хөнгөлөлт үзүүлэхэд хамтран ажиллах механизм бүрдүүлэх гэх мэт олон талын хамтын ажиллагаа чухал. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцох зохицуулалт нь боловсруулах салбарыг дэмжсэн механзм юм. Гэхдээ энэ зорицуулалт дангаараа хангалтгүй байгаа нь боловсруулах үйлдвэрүүд илүү хөгжих бус, цар хүрээ нь хумигдаж буйгаар илэрч буй нь асуудал. Хуулийн заалтуудаа оновчлох, тодорхой болгож сайжруулах их ажил бидэнд байна.