Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

-Монгол Улсын 6 байршилд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийг барьж байгуулахтай холбоотой бодлого, болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, аж үйлдвэржилтийг шинэ шатанд гаргах, бүс нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэх стратегийн хүрээнд 6 байршилд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилт нь зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэх бус харин дагалдах дэд бүтэц, логистик, тээвэрлэлтийн сүлжээг цогцоор нь хөгжүүлэх үндэсний хэмжээний томоохон төсөл юм. Зам, тээврийн яамны хувьд эдгээр Үйлдвэрлэл, технологийн паркуудыг дэд бүтцээр хангах ажлыг дараах чиглэлүүдээр дэмжин хэрэгжүүлж байна.

Үүнд:

Төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд, аж үйлдвэрлэл, технологийн паркуудын нь экспорт, импортын урсгалыг хурдасгах, үйлдвэрлэлийн зардлыг бууруулахын тулд төмөр замын тээвэрт суурилсан логистикийн сүлжээтэй байх шаардлагатай. Тиймээс төмөр замын төслүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлттэй уялдуулах бодлого баримталж ажиллаж байна. Үүний үр дүнд одоо байгаа төмөр замын төв коридорыг шинэчлэх, Сүхбаатар – Замын-Үүд чиглэлийн хос зам барих хүрээнд Хөшигийн хөндий – Багахангай, Рашаант-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замуудыг барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, Сүхбаатар-Хөшигийн хөндий-Номгон чиглэлийн шинэ төмөр замыг барих зэрэг  томоохон ажлуудыг төлөвлөн, үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр үйлдвэрлэлээс гарах бүтээгдэхүүнийг дотоод болон гадаад зах зээлд төмөр замаар түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.

Авто замын сүлжээг өргөжүүлэн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн паркуудыг экспортод чиглэсэн бүс нутгийн чанартай авто замын сүлжээнд холбох зам барилгын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2019 оны мөн үед олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 46 хувь буюу 6,900 км байсан бол 2025 оны мөн үед 50 гаруй хувиар буюу 7889 км хатуу хучилттай авто замтай болж нэмэгдсэн байна.

Манай улсын автозамын гол сүлжээ болох Азийн автозамын АН-3 сүлжээний Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг 2 урсгал, 4 эгнээг хөдөлгөөн нээсэн. Цаашид Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто зам, Улаанбаатар хотоос Замын-Үүд боомт хүртэлх 718 км 2 урсгал 4 эгнээ авто замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 757 км замыг ашиглалтад бүрэн орууллаа. Энэ босоо тэнхлэгийн авто зам нь Монгол Улсыг урд, хойд хөрш, Ази Европтой холбосон Азийн авто замын сүлжээнд холбогдсон 2 дахь коридор болж байна. Саяхан уг чиглэлд БНХАУ болон ОХУ-тай хамтран гурван улсын туршилтын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж, транзит тээврийг эхлүүлсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2022 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууслаа. Ингэснээр 21 аймаг, 104 сум суурин хатуу хучилттай авто замтай болоод байна. Цаашид аймгийн төвийг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох,  урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд босоо чиглэлд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм.

Мөн энэ хүрээнд Улиастайг-Алтайтай, Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Ховдыг-Улаангомтой, Улиастайг-Ховдтой, Мөрөн-Улиастай гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина.  Энэ хүрээнд шинээр баригдах  босоо 3 чиглэлд 27 сум, хэвтээ 2 чиглэлд 11 сум хатуу хучилттай авто замаар холбогдох урьдчилсан тооцоолол гараад байна. Энэ бүхний үр дүнд манай улс аймгийн төвүүдээ төдийгүй Ази Европыг холбосон авто замын босоо 5, хэвтээ 2 коридортой болно.  Мөн эдгээр төслийн үр дүнд аймгийн төвүүд ОХУ болон БНХАУ-ын хилийн боомтуудтай хатуу хучилттай авто замаар шууд холбогдоно.

Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрүүд бодитоор хэрэгжиж эхэлнэ, үүний үр дүнд Монгол Улсад эдийн засагт дорвитой хувь нэмэр орно. Логистикийн төв, холимог тээврийн шийдлүүд гэвэл, технологийн паркуудыг дагасан логистикийн төвүүдийг байгуулах талаар судалгаа, төлөвлөлтийг хийж байна. Ингэснээр авто зам, төмөр зам, агаарын тээврийг уялдуулах боломж бүрдэнэ. Жишээлбэл, Дархан хотод “Төвийн бүсийн логистикийн төв” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь Дархан, Эрдэнэт, Хөтөлд баригдах үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх олон төрөлт тээврийн боломжийг бүрдүүлэх юм.

Зам, тээврийн яамнаас эдгээр үйлдвэрлэлийн, технологийн паркуудын хөгжилд дэд бүтцийн суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүс нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэх, экспортыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.