УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

Би “Түүхий эдийг түүх” болгоё гэж хэлэх дуртай. Сүүлийн 30 гаруй жилд Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр нь ердөө уул уурхайн салбар байж ирлээ. Гэхдээ уул уурхай, ашигт малтмал гэдэг дуусаж дундардаг, эргэж нөхөгдөхгүй,  шавхагддаг баялаг. Тиймээс энэ баялгаа бүгдийг нь түүхийгээр нь экспортлож байгаа нь тийм ч сайн зүйл биш.  

Монгол Улсыг аж үйлдвэржсэн орон болгох талаар олон жил ярилаа. Импортын хамаарлыг багасгах, эдийн засгаа тэлэх, төрөлжүүлэх нь хэчнээн чухал болохыг бидний туулсан зам нотолж байна. Тийм ч учраас би Монголд үйлдвэр, үйлдвэрлэл хэрэгтэй гэсэн байр суурин дээр хатуу зогсдог хүн. Тиймдээ ч 2022 онд УИХ-аар Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг санаачлан батлуулж байлаа. Ийм хуультай болсноор хүнд болон хөнгөн ҮТП-ийг бүс, бүсийн онцлогт нь тохируулан хөгжүүлэх боломж бодит болсон.  

Бид юун түрүүнд Эрдэнэт, Дарханыг түшиглэн хүнд ҮТП-уудыг яаралтай байгуулах ёстой. Засгийн газар ч ийм байр суурьтай байгаа. Мега төслүүдээ эрэмбэлж зэс хайлуулах, боловсруулах, ган төмөрлөг боловсруулах ҮТП-уудыг эхний ээлжинд байгуулах бодлого гаргаад явж байна. Эдгээр ҮТП нь өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, татварын бааз суурийг тэлэх, шинэ ажлын байрууд бий болгох гээд маш олон талын ач холбогдолтой. 

 Өөрөөр хэлбэл бид эдийн засгаа тэлэх шинэ хөдөлгүүрүүдтэй болно гэсэн үг шүү дээ. Үүн дотроос би Эрдэнэт ҮТП хамгийн түрүүнд үүдээ нээнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Яагаад гэхээр Эрдэнэт үйлдвэр тус паркийн дэд бүтцийн асуудал, тухайлбал төмөр зам, усан хангамж ариутгах татуурга, авто замын ажлыг үндсэндээ хийж дууссан. Үүн дээрээ түшиглээд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрээ барьж байгуулах бэлтгэлээ хангаад байна. Энэ үйлдвэрийг барьж байгуулснаар өнгөт металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Урьдчилсан байдлаар төслийн хөрөнгө оруулалт 772,9 сая ам доллар байх бөгөөд хөрөнгө оруулалтаа 8 жилд нөхөх тооцоог гаргасан байна билээ. Цаг алдалгүй ажиллаж чадвал Монгол Улс маань 2028 оны эхний хагас гэхэд зэсийн баяжмалаа хайлуулж боловсруулдаг болчихно гэсэн үг. Үүнийг дагаад бусад үйлдвэрүүд хөгжиж, хүнд үйлдвэрийн ҮТП жинхэнэ утгаараа хөгжих ирээдүй байна.  

Засгийн газраас ойрын үед зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэрийг барьж  байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна. Энэ хүрээнд уг төсөлд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт авах оновчтой хувилбар, санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох яам, агентлаг, газруудын төлөөллийг оролцуулан байгуулахаар төлөвлөж байна. Бид үүнийг ажил хэрэг болгосноор Эрдэнэт үйлдвэрийн жил бүр олборлож буй 560 мянган тонн зэсийн хүдрийн баяжмалыг бүрэн боловсруулж 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ хэрээр нэмүү өртөг ахиу ашиг бий болно гэсэн үг.   Хүнд үйлдвэр бол хөгжлийн суурь нь учраас Дарханд ч бас ҮТП байгуулах ажлыг хурдавчлах ёстой. Монгол Улсын гангийн хэрэглээ жилд 400 мянган тонн. Өөрөөр хэлбэл бид гаднаас жилд 400 сая ам.долларын төмөр, арматур, ган авдаг. Гэтэл манай улсад түүхий эдийн нөөц хангалттай бий. Тийм болохоор Засгийн газрын нэг том чухал мега төсөл бол гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулж, төмрийн хүдрээ боловсруулж, ган хайлуулах явдал юм. Бид олон жил гангийн үйлдвэртэй болно гэж ярилаа. Одоо ярьж болсон гангийн үйлдвэр, гангийн цогцолбороо барьж эхлэх цаг нь болсон. Хамгийн чухал нь стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахын тулд Олон улсын нээлттэй тендер зарлаж, харилцан адил тэнцүү үр ашигтай байдлаар ТЭЗҮ-ийг боловсруулж, эдгээр ҮТП-ийн ажлыг эхлүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгааг дуулгая.