АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН СЭРГЭЛТЭД ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН НӨЛӨӨ, АЧ ХОЛБОГДОЛ, ЦААШДЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГО, ЗОРИЛТУУДЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА.  

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт: 

-Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах алсын хараа бодлогын баримт бичгүүдэд хэрхэн тусгалаа олж байна. Төр, засгийн хэмжээнд аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бий болгоно гэдэг энэ зорилгын тухайд нэг зүгт хандаж чадсан уу?  

Өнгөрсөн 2023 онд Эрдэнэс Монгол нэгдэл дунд хугацааны стратеги төлөвлөгөөг буюу хөгжлийн замын зургаа тодорхойлж хүрэх цэг рүүгээ алхам алхмаар урагшилж байна. Нэгдлийн стратегийн гол зорилтын нэг нь түүхий эдийг боловсруулж,  аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр бүрэлдэхүүн компаниудынхаа бизнесийн өсөлтийг бий болгож улмаар үнэ цэнийг өсгөх, нөгөө талдаа улсын хүнд аж үйлдвэрийн суурийг тавих зорилт юм. Түүнчлэн, дэлхийн шилдэг уул уурхайн компанийн жишгээр нөөц баялгаа олон улсын стандартад нийцүүлэн баталгаажуулж, үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулан, тээвэр-логистикийн нэгдсэн тогтолцоо бий болгох замаар аж үйлдвэрийн гинжин хэлхээг бүрдүүлэхийг зорьж байна. Үндсэндээ бид улсынхаа хөгжлийн алсын хараатай нягт уялдсан бодлого, замын зурагтай болж, тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө ажиллаж байна. 

-Монгол Улсын хөгжлийн гол баримт бичгүүдэд эдийн засгаа төрөлжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх тухай зорилт тодорхой туссан байдаг. Ер нь олон жил үе үеийн Засгийн газрууд аж үйлдвэржилт, ялангуяа уул уурхайг хөгжүүлж, боловсруулах түвшнийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж ирсэн. 

-Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн парк байгуулах нь яагаад чухал гэж та үзэж байна вэ?  

-Эрдэнэс Монгол нэгдэл төрийн өмчит уул уурхай, эрдэс баялгийн салбарын компаниудын нэгдлийн хувьд Монгол Улсын ашигт малтмалын түүхий эдийн боловсруулах суурь үйлдвэрүүдийг байгуулах төр засгийн бодлогыг манлайлж явах үүрэгтэй. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах гэдэг хоосон яриа, цаасан дээр буулгасан мөрөөдлийн жагсаалт биш бодит ажил хэрэг болох бүхий л нөхцөл боломж бүрдэж эхлээд байна. Засгийн газар, салбарын бодлого, Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон салбарын мэргэжилтнүүдийн ойлголт нэгдсэн концепцтой болсон гэж үзэж болохоор байна.  

Нэгдмэл зорилготой, нэг зүгт хандсан байх нь ажил амжилттай урагшлахад маш том хүч, давуу тал болдог.  Үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулж, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бий болгосноор улсын экспортын жилийн орлого 2,250.7 сая ам.доллароор нэмэгдэж, боловсруулах үйлдвэрийн салбарын ДНБ-нд эзлэх хувь 16.5 хувьд хүрэх төсөөлөл, тооцоолол хийгдсэн байгаа. Суурь үйлдвэрүүдийн хэмжээнд 4,000 орчим ажлын байр шинээр бий болж, үйлдвэрлэл дагасан хотуудад хүн амын шилжин суурьшилт нэмэгдэж, нийслэлийн төвлөрлийг саармагжуулах зэрэг шууд бус олон сайн нөлөөтэй. Тухайлбал, тухайн бүс нутагт зөвхөн үйлдвэрүүдээс гадна дэд бүтэц, тээвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээ, шинэ үйлчилгээний сүлжээ зэрэг бий болж орон нутгийн хөгжилд шууд болон шууд бусаар олон сувгаар нөлөө үзүүлнэ. Товчхондоо бол үйлдвэрлэл, технологийн парк бол импортоос экспорт руу  шилжих Монгол Улсын хөгжлийн шинэ гарц гэж тодорхойлж болно. 

-Өнгөрсөн хугацаанд аж үйлдвэрлэлийн парк байгуулах яриа олон удаа гарсан ч удалгүй “замхарсан” байдаг. Энэ удаа бодит ажил хэрэг болгох хөшүүрэг бүрдсэн юмуу?  

-Эрдэс баялгийн боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлнэ гэж олон жил ярьж байна. Бид хөгжлийн асуудлаар хоорондоо хангалттай их ярьсан, мэтгэлцсэн, форум хурлууд зохион байгуулсан. Одоо бодит ажил, бүтээн байгуулалт руугаа яаравчлан орох ёстой. Бидэнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах боломж хангалттай бүрдсэн гэж бодож байгаа. Нэгдүгээрт, Монгол Улс ашигт малтмалын арвин нөөц баялагтай, экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг эзэлдэг. Нүүрс, зэс, төмрийн хүдэр гэсэн гол экспортын бүтээгдэхүүнийхээ олборлолт, боловсруулалтыг үр ашгийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх, иргэд аж ахуйн нэгжүүддээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж илүү их өгөөж, үнэ цэн бий болгох бодит шаардлага бий болсон. Хоёрдугаарт, Эрдэнэс Монгол нэгдэл үйл ажиллагаа явуулж буй 6 стратегийн орд газартаа тулгуурлан ҮТП байгуулах байршлаа тогтоож, дэд бүтэц болон хүний нөөц зэрэг олон хүчин зүйлсийг тооцоолж, хөгжлийн төлөвлөлт хийсэн. Эдгээр 6 байршилд төрийн өмчит томоохон үйлдвэрүүд байрладаг, дэд бүтэц хөгжсөн түүнийг дагасан мэргэшсэн салбарын хүний нөөцтэй, нийгмийн суурь бүтцийн хувьд цаашид үйлдвэрлэл хөгжөөд явах боломж бүрдсэн.  

Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн нөөцөд тулгуурлан зэсийн баяжмал боловсруулж цэвэр зэс үйлдвэрлэх үйлдвэрийн цогцолбор байгуулна. Эрдэнэтийн үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн ажил 97 хувьтай, усан хангамж, ариутгал татуургын асуудал 100 хувь бүрэн шийдэгдсэн бол авто зам 60 хувь, цахилгаан хангамжийн ажил 15 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.  

Дархан, Сэлэнгийн төмрийн нөөцийг түшиглэн ган бүтээгдэхүүн буюу металл хийцийн үндсэн үйлдвэрлэлийн түүхий эдийг үйлдвэрлэх цогцолборыг үйлдвэрлэл, технологийн паркийн загвараар барьж байгуулах юм. Үндсэн түүхий эдийн нийлүүлэлт, дэд бүтэц, тээвэр логистикийн давуу талуудад тулгуурласан барилгын үндсэн хийц үйлдвэрлэхээс эхлээд машин, техник тоног төхөөрөмжийн эд анги зэрэг эцсийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн олон үйлдвэрүүд бий болох боломж бүрдэнэ. Энэ бол тусгаар улсын хөгжлийн тулгуур үйлдвэр болох учиртай.  

“Багануурын уурхайг түшиглэн нүүрс химийн цогцолбор байгуулснаар утаагүй түлш буюу хагас коксын үйлдвэрээс эхлээд  нүүрс хийжүүлэх, устөрөгчийн үйлдвэр  болон нүүрс химийн боловсруулах үйлдвэрүүд бий болно. Түүнчлэн эрчим хүч үйлдвэрлэхээс гадна нийслэл, хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмрээ оруулах юм.  

Жонш бол манай стратегийн гол түүхий эд учраас Бор-Өндөрт жоншны ислийг үйлдвэрлэж үндсэн түүхий эдийг үйлдвэрлэх жонш боловсруулах үйлдвэрлэлийн цогцолборыг барьж үйлдвэрлэл, технологийн парк болгож хөгжүүлнэ.  

Тавантолгойн нүүрсний ордоо түшиглэж коксын болон кокс химийн цогцолборыг барьж байгуулан үйлдвэрлэл, технологийн паркийн загвараар хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө хийгдэж байна. Ийм нэгдсэн бодлогоор нөөц баялагтаа тулгуурласан хүнд аж үйлдвэрлэлийн паркуудтай болох ажлууд эхлээд явж байгаа.  

-Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл дээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ямар хэлбэрээр явах вэ?  

-Төр, хувийн хэвшлийн үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг анхнаасаа  Нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд маш тодорхой тусгасан. Эрдэнэс Монгол нэгдэл 6 байршилд байгуулах  үйлдвэрлэл, технологийн паркийн шаардлагатай дэд бүтцийг бий болгож, эрдэс баялгийг боловсруулж, аж үйлдвэрийн түүхий эд бэлтгэх үндсэн үйлдвэрийг  байгуулна. Үүнээс цааш хувийн хэвшилд боломж олгож, тэднийг дэмжиж ажиллана. Дараа, дараагийн шатны боловсруулалт хийх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хувийн хэвшилд олгоно гэж ойлгож болно. Үйлдвэрлэл, технологийн паркад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар  баригдах үйлдвэрүүдийг найдвартай түүхий эд, тээвэр логистик болон дэд бүтцээр хангана гэсэн үг.  

Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм ойлгомжтой, ил тод, нээлттэй гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, дараагийн шатны хөгжлийн боломжууд бий болно. Энэ бол төр хувийн хэвшил хамтдаа хөгжих концепц юм. Ингэж чадваас улсын аж үйлдвэрийн суурь тавигдаж хөгжлийн үр өгөөж нь нийт монголчуудад ирэх юм.  

-Аливаа ажил хэрэгжих үндсэн суурь хөрс нь хууль эрх зүйн орчин байдаг. Паркийн төслүүд дээр ийм хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?  

-Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахад нэн шаардлагатай хууль эрх зүйн баримт, бичгүүд батлагдсан. Хууль эрх зүйн орчин сайн бүрдсэн, цаашдаа ч тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалаад сайжруулаад явах ажлууд бас байгаа. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль 2022 онд батлагдаж, паркийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, төрөөс үзүүлэх дэмжлэг болон цаашид хэлбэр, зарчим нь ямар байх гээд олон зохицуулалтыг тодорхой болгож өгсөн.  

Түүнчлэн Засгийн газрын 2024 оны 204 дугаар тогтоолоор Үйлдвэрлэл, технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтыг баталсан. Энэхүү хууль эрх зүйн баримт, бичгүүдэд үндэслэн ҮТП-ийн хөгжлийн төлөвлөгөө болон ТЭЗҮ-г боловсруулан батлах зэргээр бэлтгэл ажлыг хангаж байна.  

-Бусад улс орны туршлагыг хэрхэн судалсан бол? 

-Ойрын жишээ гэвэл БНХАУ-ын ӨМӨЗО уул уурхайн томоохон бүсүүддээ аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт өрнүүлж, аж үйлдвэрлэлээ богино хугацаанд хөгжүүлж чадсан. Үр дүнд нь бүс нутгийнх нь ДНБ 20 жилийн хугацаанд 13 дахин өссөн байна. 2002 онд 24 тэрбум орчим ам.доллартай тэнцэж байсан бол 2024 онд 370 тэрбум орчим ам.доллар болж өссөн  статистик байдаг. Энэ бол маш том үр дүн. Үүнээс үйлдвэр, цехүүдийг парк хэлбэрээр хөгжүүлсний үр дүнд хүнд үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ тус жилүүдэд 8 тэрбум ам.доллараас 162 тэрбум ам.доллар хүртэл буюу 20 дахин өссөн байна. Бид энэ загвараар хөгжих бүрэн боломжтой. Ганцхан жишээ хэлье. Манай улс жоншны нөөцөөрөө дэлхийд эхний 3-т жагсдаг ч жилдээ 60%-иас доош агуулгатай, 600 гаруй мянган тонн хүдэр экспортолж, 30-40 сая ам.доллар олдог. Хэрэв бид энэ бүс нутагт Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, дээр хэлсэн хэмжээний  хүдрийг баяжуулж, фторт хөнгөн цагаан үйлдвэрлэвэл 150 гаруй сая ам.долларын орлого олох бүрэн бололцоотой.