“ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР Б.МЯГМАРЖАРГАЛ
“Эрдэнэс ҮТП” ХХК нь “Эрдэнэс инженер” ҮТП-ийн хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулан гаргасан. Энэ баримт бичгийн хэрэгцээ, шаардлага, ач холбогдол, зорилгын талаар ярина уу?

Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратегид туссан Монгол Улсын 6 байршилд ҮТП байгуулах үндэсний хэмжээний мега төслүүдийн удирдлагыг манай компани хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр 6 ҮТП-д шаардлагатай хүний нөөцийн урьдчилсан тооцооллоор 10,000 орчим мэргэжилтэн хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Иймд инженер техникийн мэргэжилтнүүд бэлтгэх чиглэлээр гадаад болон дотоодын их дээд сургуулиудад суралцаж буй сурагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай нөлөөллийн хөтөлбөрийг боловсруулсан. Судалгаанаас харахад Монгол Улсын хэмжээнд инженер суурьтай мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудын 7 хувь буюу 380 орчим нь боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр суралцаж байна. Жишээ хэлэхэд 2023 онд улсын хэмжээнд 154,000 оюутан төгссөнөөс 12% нь инженер чиглэлийнх байна. Энэ 12%-ийг задлаад харахаар үүнээс ердөө 1% нь уул уурхайн инженер чиглэлээр төгсжээ. Өөрөөр хэлбэл 1700 оюутнаас 170 нь л уул уурхайн мэргэжлээр суралцсан гэсэн үг.
2021 оны “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлох судалгаа”-аас харахад 2030 онд ажлын байрны эрэлт 1.4 сая гэж тооцоолсон бол “Алсын хараа-2050”-д 1.9 сая гэж гаргасан нь мега төслүүдийн нөлөөгөөр 29.4 хувиар өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь томоохон мега төслийн ирээдүйн ажлын байранд үзүүлэх нөлөөтэй холбоотой гэж үзэж болно.
Монгол Улсын эдийн засгийн орлогын ихэнхийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа бөгөөд манай компани энэхүү салбарын дараагийн шат болох олборлолтоос боловсруулалт руу шилжих шилжилтийг удирдан хэрэгжүүлж байгаа. Энэ шилжилтийн хамгийн тулгамдсан асуудлын нэг нь хүний нөөц бөгөөд үйлдвэрүүдийг барихаас өмнө аль үйлдвэрт ямар мэргэжлийн, хэдэн ажилтан шаардлагатайг тодорхойлох зайлшгүй хэрэгцээ бий. Иймээс цогц судалгаа, бодлогоор хандахаас өөр аргагүй бөгөөд уг чиглэлд эхний алхам болгон дээрх хоёр үндсэн асуултад хариулт өгөх зорилгоор “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийн судалгааг боловсруулан гаргасан.
Үндсэн 6 үйлдвэрийг эхлээд байгуулах төлөвлөлт хийгдсэн байна. Жишээ нь эдгээр үйлдвэрт хэдэн, ямар мэргэжлийн хүний нөөц хэрэгтэй байгаа вэ?

Монгол Улсын хэмжээнд уул уурхайн салбарт 4,700 дээд боловсролтой инженерүүд ажиллаж байгаагаас 65% нь геологи хайгуул, ашиглалтын инженер, 27% нь мэдээллийн технологийн инженер, 8% буюу 376 хими технологи, металлурги, баяжуулалтын боловсруулах чиглэлийн инженерүүд байна. Харин манай компанийн боловсруулсан Хөгжлийн төлөвлөгөөгөөр нийт 6 үндсэн үйлдвэр, 47 дагалдах үйлдвэрт 10,000 орчим ажлын байр бий болоход 1,500 өндөр түвшний инженер, 4,500 мэргэжлийн болон техникийн ажилчид шаардлагатай тооцооллыг хийсэн.
Эдгээр үйлдвэрээс жишээ нь Гангийн үйлдвэрийг ашиглалтад оруулахад нарийн мэргэжлийн 475 мэргэжилтэн хэрэгтэй. Энэ дундаас 209 металлургич шаардлагатай байна. Гэтэл өнөөдөр энэ тооны металлургич манайд байхгүй, элсэгч хангалттай хэмжээнд байхгүй байна.
ҮТП-уудын хүний нөөц, мэргэжилтнийг бэлтгэхэд мэдээж боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлага гарна. Хамтын ажиллагааны талаараа хуваалцана уу?
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор Тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтын эхэнд инженер мэргэжил бичигдсэн. Бидний гаргасан хамгийн эрэлттэй мэргэжлийн нэгдүгээрт химийн инженер байна. Хоёр дугаарт металлургич гэх мэтчилэн хүний нөөцийн судалгаандаа шаардлагатай 30 мэргэжлийн жагсаалтыг судлан гаргасан. Энэхүү жагсаалтын эхний 10 бол нэн шаардлагатай мэргэжлүүд юм. Тиймээс энэ ажлын хүрээндээ манай компани ШУТИС-тай Санамж бичиг байгуулан хүний нөөцийг бэлтгэх чиглэлд хамтын ажиллагаагаа эхэлсэн мөн МУИС-тай хамтын ажиллагаагаа эхлэхээр ярилцаж эхний шатны хэлэлцээрүүд хийгдсэн байгаа. Бодлогын түвшиндээ БСШУЯ-тай хамтран МСҮТ-үүдэд техникийн мэргэжилтнийг бэлтгэх чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Мөн Нийслэлийн боловсролын ерөнхий газар, Ерөнхий боловсролын газруудтай хамтран шат дараатайгаа хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхлээд байна.
Дотоодын их, дээд сургуулиуддаа хүний нөөцөө бэлтгэхээс гадна өндөр хөгжилтэй аж үйлдвэржсэн орнуудад зайлшгүй шаардлагатай мэргэжилтнүүдээ тэтгэлэгтэй суралцуулах суурь судалгааг хийж эхнээсээ үр дүнд хүрч байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон БНСУ, ОХУ-ын зарим их дээд сургууль, томоохон үйлдвэрүүдтэй нарийн мэргэжилтэн бэлтгэх хүрээнд хамтын ажиллагаануудыг эхлээд байгаа. Аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улсуудын түүхээс харахад Солонгосчууд анхны том гангийн үйлдвэрээ хөгжүүлэхдээ АНУ-д байгаа гангийн үйлдвэр рүү хүнээ явуулсан гэх мэт жишээтэй. Тиймээс бид ч мөн энэхүү томоохон төслүүдийг удирдан ажиллах ажилтнуудыг бэлтгэхийн тулд цогц бодлогоор бэлтгэх нь нэн чухал юм.
“Инженер мэргэжилтэй хүний нөөцийг бэлтгэхэд оюутан болон сурагч бас энэ мэргэжлийг эзэмшсэн ч төгсөөд өөр чиглэлд ажиллаж байгаа нөөц гээд ялгаатай бодлого хэрэгтэй. Хүүхдүүдийн хувьд хэрхэн энэ мэргэжилд дурлуулах уу? Эхнээсээ ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна .
Мэдээж тийм. Дээрх хүний нөөцийг үндсэн сууриас нь бэлтгэх хөтөлбөр мөн хэрэгжүүлж байна. ЕБС-ийн хүүхдүүдийг дунд ангиас нь мэргэжлийн чиг баримжаа олгох, инженер мэргэжилд сонирхолтой болгох, гадаадын их, дээд сургуульд суралцах, тэтгэлэг авахад бэлтгэхэд чиглэсэн нөлөөллийн “Би Инженер” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлээд явж байна. Бүсчилсэн хөгжлийн маршрутын дагуу Монгол орныхоо баруун болон хойд бүсийн нийт ЕБС-ын ахлах ангийн 37,500 орчим сурагч хүүхдүүдтэй уулзаж сургалт, сурталчилгааг хийсэн. Мөн хөтөлбөрт шууд хамрагдах боломжгүй өсвөр үе, залуус, эцэг эхчүүд, багш нар гээд оролцогч талуудад зориулсан “Би Инженер” подкастыг санаачлан хөтлөн явуулж эхлээд байна. Манай улс байгалийн баялгийн арвин их нөөцтэй улс. Гэхдээ энэ нөөц бол хэзээ нэг цагт шавхагддаг, дундардаг. Нэгэнтээ бидэнд байгаа энэ эрдэс баялгаа эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээн байгуулалтыг хийх гол баялаг бол хүний нөөц. Энэ баялгаа өөрсдөө сургаж бэлтгэхэд зориулсан хөтөлбөрүүд гэж ойлгож болно.
Хүний нөөцийг шинээр сургаж бэлтгэхээс гадна өмнө нь төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа инженер, техникийн хүний нөөцийн судалгааг хийсэн үү, энэ нөөцийг хэрхэх талаар ямар бодлого баримталж байгаа вэ?
Тэгэлгүй яах вэ. Манай Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрт багтсан томоохон хэсэг бол богино болон урт хугацааны давтан сургалт. Мөн судалгаа, сургалт, инновацын төвүүдийг байгуулах. Тэдгээр төвүүдээр дамжуулан давтан сургах, дадлагажуулах ажил явагдана. Энэ том нөөцийг ашиглаж салбар руу нь дуудах бол чухал гэж харж байгаа. Жишээ нь: Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтаар олон мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан. Энэ хүрээнд олон улсын сертификаттай сургалтыг мөн төлөвлөж байна.
“ҮТП-ийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг төр засгийн бодлогод хүргэх, дэмжүүлэх, бодлого шийдвэрт тусгуулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?
Энэ бол маш чухал асуудал.
Энэ чиглэлээр “ITP FORUM”-ыг хоёр жил дараалан санаачлан зохион байгууллаа. 2025 оны форумыг “Эрхзүйн шинэчлэл-Хөгжлийн татах хүч” уриан дор Төрийн ордонд зохион байгуулж холбогдох УИХ-ын гишүүд, яамдын сайд нар, эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүд оролцож өргөн хүрээнд боллоо. Үүний үр дүнд УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 24-ний 15 дугаартай тогтоол батлагдсан. Энэ тогтоол бидний ажилд томоохон дэмжлэг үзүүлэх болсонд баяртай байгаа.
ҮТП гэдэг үндсэн платформ маань хувийн хэвшлийнхнийг татдаг, тэнд хүн ажилласнаараа карьер төлөвлөлтөө давхар хийдэг, тухайн хүний гэр бүл давхар ажилтай, орлоготой, нийгмийн баталгаа нь хангагддаг нөхцөлүүдийг паркийн хүрээнд бид хийх ёстой. Хүнээ бэлдэх хөтөлбөрийг бид анх удаа санаачлаад хийгээд байгаа юм биш. Жишээ нь Германд “Cluster Model”, Өмнөд Солонгост “Meister Schools”, Сингапурт “Global Talent Program” зэрэг загвараар мэргэжилтнээ бэлдэж байсан туршлага байдаг. Бид харин Монгол Улсдаа “Эрдэнэс Инженер” хөтөлбөрийг зориулан хэрэгжүүлж байна.
Эдгээр хөтөлбөрүүд олон салбарт, олон үеийнхэнд зориулагдаж байна. Жишээ нь та бүхний одоо уншиж байгаа “Erdenes INDUSTRY” сэтгүүл маань мөн л энэ хүрээнд ойлголтоо, мэдээллээ нэгтгэж, мега төслүүдийн бүтээн байгуулалтын ажилд оролцогч тал бүртэйгээ хамтран зорилгодоо хүрэхийн төлөөх ажил. Манай төсөл хөтөлбөрийн яриад, бэлтгэх гээд байгаа энэ мэргэжилтнүүдийн тоо бол зөвхөн Үндсэн үйлдвэрт хэрэгтэй байгаа хүмүүсийн тоо гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Харин дагаж хэчнээн хувийн хэвшлийн үйлдвэр баригдаж, хэчнээн хүн ажиллуулахыг бид мэдэхгүй шүү дээ. Тухайлбал, одоогоор бид Үндсэн үйлдвэрүүдэд 2,100 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоог хийгээд байна.
ҮТП-ууд байгуулагдахад хувийн хэвшлийнхнийг дагаад бусад эмч, багш гээд мэргэжилтнүүд ажиллаж, тэнд суурин үүсдэг. Ингээд шинэ цогцолбор бий болж, ажлын байрууд үүсэж, бүхэл бүтэн хот суурин амьдрал үүснэ. Ийм л учраас энд шаардлагатай байгаа инженер чиглэлийн мэргэжилтнүүдээ шинжлэх ухаанчаар олж, эрэлтэд нь нийцсэн нийлүүлэлтэд нь хүнээ бэлтгэх ажлыг системтэй, шат дараатай, тасралтгүй хийх нь бидний эрхэм зорилго юм.
