УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал

Юуны өмнө Монгол Улсын үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, одоогийн хэрэгжилтийн түвшнийг үнэлэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна. 

Мөн паркийг бүртгүүлэх, бүтээн байгуулах, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, төрийн үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор дэмжиж түргэвчилсэн горимоор шийдвэрлэдэг болно. Парк дахь үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой тасралтгүй хангах боломжийг бүрдүүлэх, төрийн өмчийн ордоос ашигт малтмал худалдан авахад харилцан ашигтай, таатай нөхцөлийг бий болгоно. Үйлдвэрлэл, технологийн паркт ажиллах хүний нөөцийг татах зорилгоор бага хүүтэй ипотекийн зээлд хамруулах, Засгийн газраас олгогдож байгаа гадаад, дотоодын их дээд сургуулийн тэтгэлгийн 50 хувийг боловсруулах чиглэлийн инженер техникийн мэргэжилд олгох боломжийг судалж байна.  

Эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлж чөлөөлөх арга хэмжээ авна. Мөн хуулийн этгээдээс үйлдвэрлэл технологийн паркийн нэгжид худалдсан ашигт малтмалын түүхий эдийн тээвэрлэлт, борлуулалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг хөнгөлөх шаардлагатай. Мөн паркийг газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх нь паркийн хөгжилд бодитой дэмжлэг болно гэж үзэж байна.