“Эрдэнэс ҮТП” ХХК болон Монгол Улсын Их Сургууль хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Монгол Улсын Их Сургуулийн Ректор Б.Очирхуяг нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, аж үйлдвэрлэлийн бодлого, эрх зүйн орчин, нийгмийн оролцоо, соён гэгээрүүлэх зэрэг олон чиглэлд бодит төслүүдийг хэрэгжүүлж, үр дүнтэй хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд тухайлбал, судалгаа, инновацын чиглэлээр МУИС-ийн судалгааны лаборатори, төв, хүрээлэн болон шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийг ашиглан Эрдэнэс ҮТП-ийн хэрэгцээнд нийцсэн эд материалын туршилт, шинжилгээ, боловсруулах судалгаа (эрдэс, түүхий эдийн туршилт, органик синтез, шинэ материал, наноматериал, байгалийн нэгдлийн хими, энергийн каталазитор, хүрээлэн буй орчны инженерчлэл, сэргээгдэх эрчим хүч) чиглэлээр хамтран ажиллана. Мөн “Эрдэнэс ҮТП – МУИС – Гадаад түнш” гурван талт хамтарсан сургалт, онол ба практик хосолсон мэргэшүүлэх хөтөлбөр, тэтгэлэг, цалин, буцалтгүй тусламж гэх мэт хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх зэрэг олон төсөл, хөтөлбөр тусгагдсан байна.


