“ЧУХАЛ ЭРДЭС БА УУЛ УУРХАЙН ФОРУМ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
БНСУ-д болж буй “Чухал ашигт малтмал-Уул уурхайн хөрөнгө оруулалт-2025” уулзалтад “Эрдэнэс Монгол” нэгдлийн болон бүрэлдэхүүн компаниудын төлөөлөл оролцож байна. Эрдэнэс Монгол нэгдлийн хувьд БНСУ-тай чухал ашигт малтмалын судалгаа, геологи хайгуул, уул уурхайн нөхөн сэргээлт, мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд уулзалтын зорилго чиглэгдэж байна.
Уулзалтын эхний өдөр чухал ашигт малтмалын геологи, хайгуул, ховор металлын боловсруулалт, эрдэс баялгийн нөөц бүрдүүлэлт болон нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг KOMIR корпорацтай уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Тус форумд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр оролцож Монгол Улсын 6 байршилд байгуулагдаж буй Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийн талаарх мэдээллийг танилцууллаа. “Эрдэнэс ҮТП” компани нь ҮТП- уудад эхний ээлжид 10,000 орчим инженер, техникийн мэргэжилтэн шаардлагатай талаарх судалгааг гаргаад байгаа юм.
Мөн уулзалтаар БНСУ-ын Чонбук үндэсний их сургуульд 500 оюутан инженерийн чиглэлээр суралцуулж, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэхээр боллоо. Чонбук их сургууль нь уурхайн тэсэлгээний судалгаа, ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байна.




