Редакцын зурвас

Сайн байна уу?

“Erdenes Industry” сэтгүүлийн эхний хуудсыг сөхөн суугаа Эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Цоо шинэхэн 2026 оны эхэн дээр уншигч тантай ийнхүү ээлжит нэгэн дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна. Угтан ирсэн шинэ оноо урам зориг, хүсэл мөрөөдлөөр тосож, улиран одсон жилээ амжилт бүтээлээр дүүрэн үдсэн гэдэгт итгэлтэй байна.


Аж үйлдвэрлэлийн анхдагч хэмээн тодотгосон “Erdenes Industry” сэтгүүлээ бид эх орныхоо эрдэс баялгийн үнэ цэнийг өсгөн нэмэгдүүлж, олборлолтоос боловсруулагч орон болох монголчуудын мөрөөдлийн нэг хэсэг байгаасай хэмээн зориглон бүтээсэн билээ. Дэлхийн төлөөлөгчдийг урин дуудаж, хуран чуулуулдаг “Монголын уул уурхайн 7 хоног”-оор Тайж хайрханы бэлд нээлтээ хийж байсан нь өчигдөрхөн мэт.


Уул уурхай, эрдэс баялгийн салбарынхны санаа бодлын индэр, үзэл бодлын талбар, хүсэл зорилгын нэгдэл, санасан бодсоны шийдэл байлгахын төлөө цаашид ч зорин ажиллах болно. Эрдэнэсийн сан эх орныхоо эрдэс баялгийг үнэд оруулахаас гадна уул уурхай, эрдэс баялгийн салбарын зүтгэх хүч, сэтгэх тархи болсон эрдэмтэн, судлаач, инженер мэргэжилтнүүдийн маань сэтгэлгээ нь инновацаар дүүрэн, урам нь эрч хүчээр бялхам байх нь улс орны хөгжлийн тулгуур болох бизээ. Тиймээс бид салбартаа эрдэм мэдлэг, шинэлэг мэдээлэл, судалгаа шинжилгээг хуваалцан түгээж, хамтран суралцаж, харилцан туслалцаж, төр хувийн хэвшлээрээ түншлэлцэн, хийж бүтээхийг эрхэм зорилгоо болгож байна.

Эрхзүйн шинэчлэл, эдийн засгийн өсөлт , техник технологийн шинэчлэл, төр-хувийн хэвшлийн хамтрал, хөрөнгө оруулалтын урсгал, хүний нөөцийн бэлтгэл гээд бидэнд хийх ажил мөн ч их байна. Үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахад үндэс суурийг нь бат бөх тавих нь нэн чухал болоод байна.
Энэхүү нөр их үйлсэд сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулж буй Та бүхэндээ сэтгэлд нь зориг, итгэлд нь урам, мэдлэгт дусал, мэдээлэлд нь нэмэр болъюу хэмээн энэхүү сэтгүүлээ “Үйлдвэрлэлийн инновац” сэдвийн дор зангидан бэлтгэлээ. Сэтгүүлийн хавсралт дугаар буюу “Эрдэнэс инновац” эмхэтгэлээс эрдэмтэн, судлаач, инженерүүдийн оюуны охь болсон судалгааны өгүүллийг тогтон уншихыг танд зөвлөе.

Оюун тань онч мэргэн, үйлс тань үргэлж бүтэж байх болтугай.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн