
Б.БАЯСГАЛАН
“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Байгалийн ухааны доктор (Ph.D)
Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл нэмэгдсэний улмаас Улаанбаатар хот төдийгүй бусад хүн ам төвлөрсөн бүсүүдэд агаарын чанарын төлөв байдал хүний эрүүл мэндэд нөлөөлөх түвшинд хүрээд байна.
Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагийн Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн тайланд агаарыг бохирдуулагч үндсэн бодисын нэг нарийн ширхэглэгт тоосонцрын (PM2.5) 80% нь гэр хороололд түлэх түүхий нүүрсний хэрэглээнээс ялгарч байна. Үлдсэн 20%-ийг нам даралтын зуухнууд, тээврийн хэрэгсэл, дулааны цахилгаан станц, шороон замаас дэгдэх тоос зэрэг бүрдүүлдэг гэжээ.
Мөн тус тайланд тусгаснаар 2021 онд Улаанбаатар хотын ДЦС-уудын нүүрсний хэрэглээ 5 сая.тн байсан бол гэрийн зуух, том бага оврын усан халаалтын зуухны түлшний зарцуулалт 854 мян.тн байсан нь ДЦС гэр хорооллын айл өрхийн түлшний хэрэглээнээс 5.8 дахин их хэрэглээтэй гэдгийг харуулж байна. Гэхдээ ДЦС-ын яндан өндөр тул хаягдал утааны хийн бохирдуулах бодисын ялгарал их байсан ч агаар мандалд замхарч, хүний амьдрах, амьсгалах түвшинд үзүүлэх нөлөөлөл бага гэж үздэг. Тиймээс агаарын бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй эх үүсвэр бол одоогийн төвийн халаалтад холбогдоогүй айл өрхийн халаалтын шийдэл буюу хатуу түлш.
Үүний зэрэгцээ газар зүй, бүс нутгийн онцлог нь агаарын чанарт ихээр нөлөөлдөг. Улаанбаатар хот хийн мандлын их даралтын бүсэд оршдог. Тиймээс хотын цаг агаар өвлийн улиралд гол төлөв цэлмэг, салхигүй байдаг. Ингэснээр газрын гадарга дээр температурын урвуу хамаарал буюу инверсийн (газрын гадаргууд ойр орших дулаан агаарын давхарга хүйтэн агаарын давхаргатай харших үзэгдэл) давхарга эрчимтэй тогтож, агаарын чанарт босоо сарнилт буюу сарних үйл ажиллагааг хязгаарлаж, хэвтээ чиглэлд бохирдлын агууламжийг нэмдэг.

Цаг уур орчны шинжилгээний газрын Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдлын тоймд (2025) мэдээлснээр сүүлийн 5 жилд буюу 2021-2025 оны хүйтний улирлын 10-4 дүгээр сар хүртэл агаар бохирдуулагч бодисын сарын дундаж агууламж 12, 1, 2 дугаар саруудад хамгийн өндөр агууламжид хүрсэн байна. Энэ нь өвлийн энэ саруудад хүйтний эрч чангарч, хатуу түлшний хэрэглээ нэмэгддэгтэй холбоотой. Бохирдуулагч бодис тус бүрээр авч үзвэл тоосонцор (PM10, PM2.5) хүйтний улиралд Монгол Улсын стандартаас (MNS) 1.2-4.8 дахин их, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс (WHO) 3-24 дахин их, азотын давхар исэл (NO2) WHO-ээс 2.5-7 дахин их, хүхрийн давхар исэл (SO2) MNS-аас 1.2-10 дахин их агууламжтай байна.
2011-2023 оны Улаанбаатар хотын тоосонцрын (PM10, PM2.5) жилийн дундаж агууламжийн хувьд MNS-аас 1.5-5 дахин их агууламжтай, WHO-ээс 5-18 дахин их агууламжтай байна. 2011-2013 онд 200 мкг/м3-ээс дээш, 2014-2019 онд 100 мкг/м3-ээс дээш, 2020-2023 онд 80 мкг/м3-ээс дээш агууламжтай байна. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээ 15 мкг/м3. 2015 онтой харьцуулахад 2023 онд PM2.5-ын жилийн дундаж агууламж 2 дахин буурсан үзүүлэлттэй боловч 2015-2018 онд 60 мкг/м³-ээс дээш, 2019-2023 онд 40 мкг/м³-ээс дээш агууламжтай байна.
Олон улсын ЖАЙКА байгууллагын Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх 2024 оны төслийн тайландаа сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр 2020 оны агаарын бохирдлыг 50%-иар бууруулсан гэж тусгажээ.
Гэхдээ бохирдлын хэмжээ 2 дахин буурсан ч өдийг хүртэл өвлийн улиралд хүн ам төвлөрсөн хотуудад агаарын бохирдол өндөр түвшинд байсаар байна.
Тоосонцрын жилийн дундаж агууламжийн графикыг харахад өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан чиг хандлага ажиглагдаж байгаа боловч одоог хүртэл бид өвлийн улиралд WHO болон MNS стандартаас хэд дахин давсан үзүүлэлттэй бохирдолд өртсөн хэвээр байна.

Эрүүл мэнд ба агаарын бохирдол
Эрүүл мэндийн үүднээс авч үзвэл өмнө нь хүйтний улиралд элбэг тохиолддог байсан ханиад, томуу, томуу төст өвчин агаарын бохирдлын нөлөөгөөр эрчимтэй өссөн. Агаарын бохирдлын эрүүл мэндэд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх богино болон урт хугацааны нөлөө асар их байна. Улаанбаатар хотын бохирдол ихтэй дүүрэгт амьдардаг хүүхдийн уушгины ажиллагаа бохирдолгүй агаараар амьсгалж байгаа хүүхдийнхээс 40%-аар бага бөгөөд гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж, эмнэлэгт хандаж байна. 2020 оны байдлаар амьсгалын тогтолцооны өвчний 38.8%-ийг 0-4 насны хүүхдийн өвчлөл эзэлж байв.
Агаарын бохирдлоо зарим улс орон хэрхэн шийдсэн бэ?
Англи улсын Лондон хотын агаарын чанарын асуудал XIII зууны үеэс эхэлсэн бөгөөд 1952 онд The Great Smog of London хэмээх гамшигт үзэгдэл болж энэ нь урьд өмнө тохиолдож байсан ямар ч утаанаас хэд дахин ноцтой байсан бөгөөд Их Британийн түүхэнд хамгийн ихээр агаар бохирдсон үзэгдэл болсон. Энэ үйл явдал нь байгаль орчны судалгаа, төрийн зохицуулалт, агаарын чанар болон хүний эрүүл мэндийн уялдаа холбооны талаарх олон нийтийн ойлголтод гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсноос салхигүй болж, Лондон хотыг 1952.12.05-ны өдрөөс эхлэн 5 хоногийн турш хар утаа манан битүү бүрхжээ. Тухайн үед Лондон хотод үзэгдэх орчин 50 см-ээр хязгаарлагдаж, сургууль цэцэрлэг үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж, хүмүүс орон гэртээ утаа, угаар орохоос сэргийлж бүх л онгорхой цоорхойг битүүмжилж байсан ч түүнийг зогсоох арга байсангүй.
Энэ гамшгийн дараахан гаргасан Засгийн газрын эрүүл мэндийн тайланд утааны улмаас 4000 гаруй хүн нас барж, 100 мянга орчим хүн амьсгалын замын өвчлөлөөр өвдсөн гэж тооцоолсон байна. Харин сүүлийн үеийн судалгаагаар бодит нас баралт үүнээс өндөр байсан бөгөөд 10000–12000 хүний амь насыг авч одсон гэж үздэг. Энэхүү хорт утааны үндсэн хохирогчдын 78 хувь нь хүүхэд, хөгшид болон жирэмсэн эхчүүд байжээ.
Эдгээр хар өдрүүдийн дараа Английн Засгийн газар сая ухаан орж арга хэмжээ авч эхэлжээ. Английн эрх баригчид 1956 онд Цэвэр агаарын тухай хууль баталсан бөгөөд энэ хууль хэрэгжиж эхэлснээр 1970-аад оноос агаарын чанар эрс сайжирсан. Мөн агаарын чанарын хяналтын сүлжээг бий болгон, байнга хяналт тавьдаг болсон, нүүрс түлэхийг хязгаарлаж утаагүй бүсүүдийг тогтоон, үйлдвэрүүдийн янданд хийн цэвэрлэгээний төхөөрөмж суурилуулсан, тээврийн хэрэгслийн ялгарлыг бууруулах технологи нэвтрүүлэх зэргээр олон арга хэмжээг авснаар агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чаджээ. 1950–2000 онд SO₂ -ийн концентраци 90% буурч, PM10-ын түвшин WHO-ийн зөвлөмж хэмжээ рүү ойртсон.
Ирланд улсын Дублин хотод “Утаат нүүрсийг хориглох тухай хууль”-ийг 1990 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үр дүнд нь 8000 дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлж чадсан байна.
Агаар бохирдуулагч хорт бодисыг технологи ашиглан хязгаарласан тод жишээг ХБНГ улсын туршлагаас харж болно. Тус улс 2024 онд нийт цахилгаан эрчим хүчний 61.5%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн байна. ХБНГ улс болон бусад Европын Холбооны улсууд тээврийн хэрэгслийн түлшний хатуу хяналтын тогтолцоог 1980-аад онд нэвтрүүлсний үр дүнд (хар тугалгагүй болон хүхрийн нэн бага агууламжтай түлш) тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр бууруулж чадсан байна.
БНХАУ-ын хувьд 2014 оноос агаарын бохирдлын эсрэг дайн зарлаж, нүүрсний хэрэглээнд хязгаар тогтоож цахилгаан, хийд шилжүүлэх, хотын төв болон ойролцоох бүсүүдэд бохирдол их үүсгэдэг үйлдвэрүүд, томоохон эх үүсвэрүүдийг хаах, шилжүүлэх, шинэчлэл хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. 2018 онд Бээжингийн захиргаа агаарын бохирдол ихээр ялгаруулж буй 553 төрлийн автомашиныг ашиглах болон үйлдвэрлэхийг хориглох шийдвэр гаргасан бөгөөд цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины хэрэглээг идэвхтэй дэмжиж байна. Засгийн газрын хүчин чармайлт, манлайлал нь бодлогын хэрэгжилтэд хамгийн том түлхэц болсон байдаг.
Бодлогын тодорхой алхмууд болон Засгийн газрын идэвхтэй оролцооны дүнд бохирдлыг бууруулах бодлого амжилттай хэрэгждэг, түүнчлэн агаарын бохирдлыг шийдвэрлэхэд урт хугацаа зарцуулдаг гэдгийг дээрх жишээнээс харж болохоор байна.
Агаарын бохирдлын үндсэн эх үүсвэр болоод буй гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны шийдэл бохирдол бага ялгаруулдаг зуух, түлш байж болох ч урт хугацаандаа хатуу түлш, зуух янданг хийн болон цахилгаан халаагуур, төвийн халаалт, сэргээгдэх эрчим хүчээр солих зэргээр уламжлалт халаалтын шийдлийг бүрэн шинэчлэх бодлого барьснаар утаанаас сална гэдгийг олон улсын туршлага харуулж байна. Үүний зэрэгцээ бусад эх үүсвэр болох тээврийн хэрэгслийн бохирдол, хүнд, хөнгөн үйлдвэрүүдийн ялгаруулалт, зам талбайн сул шороо зэрэгт анхаарал хандуулж, бууруулах арга хэмжээ авах нь үр дүнтэй.
Агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг нь олон жил зарцуулж үр дүнд хүрэх өргөн цар хүрээтэй, бүх нийтийг хамарсан ажил тул төр засгийн зүгээс урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.
