Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор зохион байгуулагдаж буй “АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ЧӨЛӨӨЛЬЕ” ITP FORUM-2026 Төрийн ордонд болж байна.
Тус форум нь аж үйлдвэрлэлийн хөгжилд тулгамдаж буй бодлого, эрх зүй, татвар, санхүүжилт, нийлүүлэлтийн сүлжээ, төрийн дэмжлэг, хүний нөөц, үйлдвэрлэлийн орчны асуудлыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоотойгоор цогцоор нь хэлэлцэж, бодлогын шийдэл боловсруулах зорилготой юм.
Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайдын Аж үйлдвэр, эрдэс баялгийн бодлогын зөвлөх Г.Эрдэнэтуяа Ерөнхий сайд Н.Учралын илгээлтийг форумд оролцогчдод уншиж танилцууллаа. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн Сайд Г.Дамдинням аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын бодлого, хэрэгжилтийн талаарх илтгэлийг тавив.










