ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАГАНУУРЫН НҮҮРС-ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг Багануур дүүрэгт ажиллаж, “Багануур үйлдвэрлэл, технологийн парк”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Төслийг бүтээн байгуулалтыг 2028 оны I улиралд бүрэн дуусгаж, II улирлаас бүтээгдэхүүн нийлүүлэхээр ажиллаж байна.

Төслийн ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын үе шат, хэрэгжилтийн явцыг “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр танилцуулж, Төсөл хөгжүүлэлт, удирдлагын газрын дарга Г.Ганхуяг, “Багануур ҮТП”-ийн зохицуулагч Б.Чойжил нар техник, технологийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр 600 мянган тонн хагас коксон түлш, 84 мянган тонн нүүрсний давирхай, 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын өвлийн түлшний хэрэгцээг хангах хэмжээний хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэж, импортын түлшийг бүрэн орлох боломж бүрдэх юм.

Мөн өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түлшний импортод жил бүр зарцуулдаг 200 гаруй тэрбум төгрөгийг дотооддоо үлдээхийн зэрэгцээ нийслэлийн агаарын бохирдлыг 50–60 хувиар бууруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болно.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн