“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, ШУТИС, ФРАЙБЕРГИЙН УУЛ УУРХАЙН АКАДЕМИЙН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол, Германы хамтын ажиллагааны хүрээнд инженерийн хүний нөөц бэлтгэх, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх гурван талт санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2026 оны аравдугаар сарын 22-ны өдөр “Эрдэнэс ҮТП” ХХК, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургууль хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнан, Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Ютта Эмес нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд инженер, технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, профессор багш, судлаач, оюутны академик солилцоог өргөжүүлэх, хамтарсан сургалт, судалгаа, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Түүнчлэн уул уурхайн бүс нутгийн ус, байгаль орчны менежмент, уурхайн хаалтын дараах ландшафтын нөхөн сэргээлт, цахилгааны инженерчлэлийн чиглэлээр бакалаврын 2+2 болон ахисан түвшний 1+1 хэлбэрийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү түншлэл нь “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлж буй үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжилд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, олон улсын мэдлэг, технологи, судалгааны үр дүнг үйлдвэрлэлтэй уялдуулахад чиглэж буйгаараа ач холбогдолтой.

Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургууль нь 1765 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, ашигт малтмалын инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн, олон улсын нэр хүндтэй судалгаа, сургалтын байгууллага юм. Уг сургууль нь уул уурхай, ашигт малтмалын инженерчлэлийн чиглэлээр /QS World University Rankings by Subject 2026/ чансаагаараа дэлхийд 33 дугаар байрт, Германд нэгдүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.

Гурван талт хамтын ажиллагаа нь инженер, технологийн боловсролын чанарыг дээшлүүлэх, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн