“Тавантолгой ҮТП” байгуулах төслийн саналыг Өмнөговь аймгийн ИТХ-аар дэмжлээ

Өмнөговь аймгийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 19-р хуралдаан хуралдаж, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн ажлын хэсэг танилцуулга, мэдээлэл хийв. 

Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Эрдэнэс Монгол нэгдлийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Кокс-Химийн цогцолбор”-ын чиглэлээр төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк байгуулах “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн ирүүлсэн “Тавантолгой ҮТП” төслийн саналыг төлөөлөгчдийн  олонх дэмжлээ.

 Цаашид Өмнөговь аймгийн хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлэн урт хугацаанд хамтран ажиллахаа төлөөлөгчид илэрхийлэв.  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Тавантолгой нүүрсний ордод түшиглэн “Тавантолгой ҮТП”-ийг  байгуулснаар Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч буй баяжмалыг боловсруулж говийн бүсийн үйлдвэрлэл, технологийн төвийг хөгжүүлж, металлургийн үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэх, улмаар гарган авсан коксыг нэмүү өртөг шингээж экспортлох боломж бий болгохоос гадна коксын үйлдвэрлэлийг дагалдан хөгжүүлэх шаардлагатай дагалдах үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, хувийн хэвшлийн жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг бий болгох юм.