“Эрдэнэс ҮТП” ХХК,  МУИС хамтарсан ажлын хэсэг байгуулна

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл, Монгол Улсын Их сургуулийн Судалгаа, хамтын ажиллагааны газартай Монгол Улсын 6 байршилд байгуулагдаж буй Үйлдвэрлэл, технологийн  паркуудад шаардлагатай байгаа хүний нөөц болон инженер, техникийн мэргэжилтнийг бэлтгэх, энэ чиглэлд хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийв. 

Уулзалтад  “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Төслийн менежер Б.Мягмаржаргал, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Судалгаа хөгжүүлэлтийн газрын дарга Н.Эрдэнэ, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар оролцлоо. 

МУИС-д 16 мянган оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа үйлдвэрлэл технологийн паркуудад шаардлагатай байгаа мэргэжлээр нэмэлт хөтөлбөр боловсруулан мэргэжилтэн бэлтгэж хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв. Мөн судалгаа, шинжилгээний төв байгуулж ажиллах боломжийн талаар талууд ярилцлаа.